Оросын хамгийн том хувийн компаниудын жагсаалтыг гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. “Forbes” сэтгүүлээс гаргадаг Оросын томоохон хувийн компаниудын жагсаалтыг газрын тосны "Лукойл" компани дахин тэргүүлжээ.
Өнгөрсөн онд “Лукойл” компани 5639 тэрбум рублийн орлого олсон нь өмнөх оныхоос 28 хувиар бага байна. Тус компани 108 мянган ажилтантай.
Жагсаалтын хоёрдугаарт, 339 мянган ажилтантай “X5 Retail Group” 1978 тэрбум рублийн орлогоороо бичигдсэн бол Оросын жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр болох "Магнит" (1553.8 тэрбум рублийн орлоготой) гуравдугаарт, "Норильский никель" төмөрлөгийн компани (1124.2 тэрбум рубль) дөрөвдүгээрт, "Сургутнефтегаз" газрын тосны компани (1075 тэрбум рубль) тавдугаарт жагсжээ.
Зургаадугаарт “Мегаполис” групп (789.2 тэрбум рубль), долоодугаарт “Татнефть” (720.7 тэрбум рубль) бичигдсэн байна. Жагсаалтын эхний аравт мөн ОХУ-ын байгалийн хий үйлдвэрлэгч хамгийн том хувийн компани болох “Новатек” (711.8 тэрбум рубль), уул уурхай, төмөрлөгийн “Evraz” компани (770.3 тэрбум рубль), "НЛМК" буюу "Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэр" групп (668.6 тэрбум рубль) багтжээ.
ОХУ-ын хамгийн том 200 хувийн компанийн өнгөрсөн оны нийт орлого өмнөх оныхоос 1.1 их наяд рублиэр багасаж, 43.4 их наяд рубль болсон байна.