Монгол Улсын цахим гүйлтийн баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-07 07:44:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээний эхний хоёр шатны дүнгээр Монгол Улсын баг хоёрдугаар шатанд гуравдугаар байрт шалгарч, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх болжээ.


Тус тэмцээний эхний шат өнгөрсөн сарын 21-26-нд, хоёрдугаар шат өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 3-нд болсон. Гуравдугаар шат энэ сарын 5-10-нд болох бөгөөд Монгол Улсын 850 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөд Африк, Намиб, Англи улсын багтай өрсөлдөх юм.


Уг тэмцээнд оролцоход төлбөргүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүмүүс “Running World Cup” аппликейшнд бүртгүүлсэн байх шаардлагатай аж. Харин тэмцээний үеэр гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшны аль нэгийг хэрэглэж, гүйлтээ баталгаажуулах аж. Тэмцээнд оролцогч нь 3 км зайг дээд тал нь 30 минутад туулсан байх шаардлагатай. Энэ анх удаа гүйж буй хүн ч биелүүлэх боломжтой үзүүлэлт хэмээн үздэг тул оролцогчид найз нөхөд, гэр бүлийн хамт 3 км, 6 км, 9 км цаашлаад өөрсдийн нөөц боломжоос шалтгаалан 21 км, 30 км, 42 км зайд гүйдэг аж.


Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд оролцсоноор Vitality Running World Cup зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэх юм. Өөрөөр хэлбэл, тэмцээнд оролцсон хүн бүр 3 км гүйх тутамд 1 ширхэг хүүхдийн вакцин НҮБ-ын Хүүхдийн Санд хандивлах аж.


Энэ жилийн Монгол Улсын багийн албан ёсны зохион байгуулагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel ажиллах бөгөөд багийн ахлагчаар тус сувгийг үүсгэн байгуулагч У.Ганзориг шалгарсан байна. Багийн ахлагчийн гол үүрэг тус тэмцээнийг тухайн улс орондоо сурталчлан таниулах, улсынхаа багт аль болох олон гүйгчийг уриалан оролцуулах сурталчилгааны ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажээ. Тиймээс энэхүү цахим уралдаанд улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалан "Team Mongolia Run As One Nation" буюу "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!" уриалга дэвшүүлэн оролцож байгаа юм. Мөн тэмцээнийг 21 аймаг 9 дүүрэгт сурталчлан таниулах тал дээр Биеийн тамир, спортын улсын хороо дэмжин ажиллаж байна.


Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Дэнк Фарм, ивээн тэтгэгчээр Ард Даатгал, ДАМО эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага, “Nutrigold Mongolia” зэрэг олон байгууллагууд, хувь хүмүүс дэмжин ажиллаж байна. Мөн Монголын бүх гүйлтийн клуб, олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь нэмрээ оруулан гүйж байгаа бүх гүйгчдийн дэмжлэг туслалцаатайгаар манай баг ДАШТ-ний шилдэг 4 улсын нэгээр шалгарч аваргын төлөө өрсөлдөх боломжтой болсон тухай Монгол улсын багийн ахлагч У.Ганзориг дурдаю. Мөн дээрх байгууллагууд хувь хүмүүст талархаж буйгаа илэрхийллээ.


Ташрамд дурдахад, тус тэмцээнд Монгол улс анх удаа 2020 онд оролцож 18 дугаар байрт шалгарч байжээ.

Холбоотой мэдээ