Гоймон идвэл илүүдэл жинтэй болох эрсдэл буурна

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-07-06 10:51:06

ВАШИНГТОН. /VOA/. Гоймонд дуртай хүмүүст зориулсан сайхан мэдээ байна. Италийн судлаачдын үзэж байгаагаар, гоймон идсэнээр та таргалахгүй бөгөөд энэ бүтээгдэхүүн харин ч илүүдэл жинтэй болох эрсдлийг бууруулдаг байж магадгүй юм.

“Nutrition and Diabetes” сэтгүүлд бичсэнээр, Газар Дундын тэнгисийн бүс нутгийн хоолны цэсэнд ордог гол бүтээгдэхүүн болох гоймон нь “биеийн жингийн индексийг хэвийн байлгаж, бүсэлхийг нарийсгаж, бүсэлхий-ташааны харьцааг сайхан харагдуулахад нөлөөлдөг” гэнэ.

Италийн Поццили хот дахь Газар Дундын тэнгисийн сэтгэцийн эрүүл мэнд судлалын хүрээлэнгийн Өвчний тархалт судлалын тасгийн судлаачид 23 мянга гаруй хүний хоолны дэглэмийг судлан дүн шинжилгээ хийсний эцэст дээрх дүгнэлтийг хийжээ.

“Жингээ хасахыг хүсч байгаа хүмүүст гоймон идэх нь зохимжгүй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Зарим нь гоймонг хоол хүнсэндээ огт хэрэглэдэггүй” гэж тус хүрээлэнгийн судлаач Лициа Лаковтелло хэлээд “харин бид судалгаа явуулснаар үүнийг буруу хандлага гэж итгэлтэйгээр хэлэх байна” гэлээ.

Газар Дундын тэнгисийн бүс нутгийн хоол хүнс нь зүрхний шигдээс болон цус харвалтын эрсдлийг буруулдаг болохыг олон тооны судалгааны дүн харуулсан байдаг.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ