Малын хулгайгаас сэргийлэхийн тулд эргүүл ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-07 18:06:26

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Улаангом, Давст, Түргэн, Сагил, Тариалан, Өлгий, Өмнөговь, Наранбулаг сумын нутагт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын эргүүлийг энэ оны 9-р сарын 1-нээс эхлэн ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд эргүүлд 18 алба хаагч үүрэг гүйцэтгэж, мал хамгаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн дөрвөн төрлийн 400 ширхэг зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг бэлтгэн иргэдэд өгч мэдээ, мэдээллээр хангажээ. Аймгийн төвийн ойролцоох сумдад цагдаагийн эргүүл ажиллуулж эхэлснээр малын хулгайн гэмт хэрэг буурахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн байна.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал тул малаа хариулгатай байлгаж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг энэ үеэр ард иргэдэд уриалжээ.

Увс аймгийн хувьд нийт гэмт хэргийн ихэнх хувийг малын хулгайн гэмт хэрэг эзэлдэг байна.

 

Холбоотой мэдээ