Үр тариа хураалт 50 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-10-11 18:33:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооных 75, тэжээл, тосны ургамлын хураалт 27 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ жил ургац хураалтын үеэр цаг агаарын төлөв байдал сэрүүн, хур тунадас элбэг байгаагаас ургац хураалтын ажил 15 орчим хоногоор хойшлоод байна. 

Хэнтий аймагт тариалангийн 14 мянга орчим га талбай цасанд дарагдсан ч өнөөдрийн байдлаар цас бүрэн хайлж, 1-2 хоногт газар хатвал хадлан, ургац хураалтын ажилдаа идэвхийлэн орно гэсэн мэдээлэл өгч байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбүрэн суманд сүүлийн 2 хоног нэмж хур тунадас орсноор үр тариа хураах боломжгүй болжээ.




Улаанбуудайн хураалт 50, төмс, хүнсний ногооных 75 хувьтай байна.


Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д  улаанбуудай тариалж, бордоо, ургамал хамгааллын бодис, түлш, техник гэсэн 5 төрөл дээр ААН, газар тариалчдыг дэмжин ажилласан талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат онцоллоо. Тэрээр, манай улс ОХУ-аас 12 мянган тонн элит сортын үр авч нийт үрийн  30 орчим хувийг шинэчилсэн талаар тодотголоо.

 



ХХААХҮЯ-наас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд тариаланчдад 3 хувийн зээл олгосон. Мөн
ХАА-н тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр 40 гаруй комбайныг ОХУ-ын диллер компаниудаас худалдан аваад байна. 

Энэ намар 560 орчим мянган тонн улаанбуудай хурааж авах бланс гарсан. Хамгийн багадаа 344 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой судалгаа гарчээ. Манай дотоодын гурилын хэрэгцээнд 308 мянган тонн буудай шаардлагатай. Тэгэхээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Ургацын га-гаас авах хэмжээ нийт нутгаараа сайн байгаа аж.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ