Б.Жавхлан: Дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд илүү анхаарна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-13 14:06:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын гишүүд ирэх оны төсвийн төслийн талаар эдийн засгийн сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл өгч сонирхсон асуултад нь хариулсан юм. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцож салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, Нийгмийн даатгалын багц хууль, 2022 оны улсын төсөв болон цаг үеийн ажлын талаар мэдээлэв.




ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ, “Төр, засгаас халамж авдаг иргэдийн тоо багасаж байна. Улсын хэмжээнд нийт 240 мянган иргэн хүнсний талон авч байсан бол одоо 220 мянган болж буурсан. Энэ онд 5764 өрх хүнсний талон авахаа больсон. Мөн 200 хүртэл тооны малтай малчдад хүнсний талон олгохгүй. 2010 оны үед малчид эмзэг давхаргад тооцогдож байсан бол одоо дундаж давхаргын иргэд болсон” гэдгийг мэдээлээд, 2022 оны төсөвт том өөрчлөлт орж байгааг онцолж, нийгмийн хамгааллын төсөв 2.7 их наяд төгрөгөөр буурч байгааг дуулгалаа.


"Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, МСҮТ-ийн суралцагч төгсөж ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгохоор болж байна.


Тэрээр, МСҮТ-д суралцагчдын тэтгэлэг 200 мянган төгрөгийг сар бүр олгохгүйгээр төгсөхөд нь нэг удаа өгдөг болж буйг мэдээлсэн. Үүнийгээ тэрбээр, "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагч төгсөн ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгон олгохоор болж байна” хэмээн тайлбарлалаа. Ингэснээр  

  • 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг,
  • 17 настай элссэн бол 2.5 сая төгрөг,
  • 18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авна гэсэн тооцооллыг Сангийн яам урьдчилсан байдлаар гаргажээ. МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсныг ийнхүү шинэчлэхээр болжээ.

Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн талаар мэдээлэхдээ, 2022 онд дэд бүтцийн төслүүдийг илүүтэй анхаарч, төсвөөс хөрөнгө оруулах замаар хувийн хэвшлийг дэмжихээ илэрхийллээ. НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2 хувийг 10 болгон нэмэгдүүлэх талаар олон нийтээс гарч буй саналын талаар Сангийн сайд хэлэхдээ, хувь хэмжээг хөдөлгөхгүй гэдгийг мэдэгдэж, Монгол Улс далд эдийн засаг ямар хэмжээнд байгааг НӨАТ-ын системээр дамжуулан тооцож байгааг хэлсэн юм.


Манай улсад далд эдийн засаг 10 хувьд хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй байна.




Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33 хувь нь далд байна гэж тооцож байгаа аж. 2017 онд 45 хувь нь татвараа төлдөг байсан бол НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, татварын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67 хувьд хүрсэн хэмээн тооцож байна. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10 хувьд хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй гэдгийг тэрээр хэлсэн юм

2021 оны 9 дүгээр сард татварын орлогын биелэлт 130 хувь, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой хэмээн мэдээлэв. 



Холбоотой мэдээ