Цэрэг татлага маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны цэрэг таталгыг энэ сарын 15-30-нд зохион байгуулна.
Харин нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-24-нд хугацаат цэргийн албаны татлага болно.
Энэ жилийн цэрэг татлага нь цар тахлын амаргүй нөхцөл байдалд явагдаж байгаа тул цэрэг татлагын байранд ирэх иргэдийг баг, хороогоор нь хуваарь гаргасан байна. Цэргийн албанд тэнцсэн иргэнийг аймаг, дүүргээс шууд цэргийн нэгтгэл, ангид хүргэх, оршин суугаа газарт аль болох ойрхон цэргийн нэгтгэл, ангид хуваарилах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх аж.
Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж цэрэг татлагын байранд очих юм.
Харин Зөрчлийн тухай хуулиар цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог аж.