Томуугийн вакцинд 2-11 насны хүүхдийн 97.5 хувь нь хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-14 14:54:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томуугийн вакцинд хамрагдвал зохих 2-11 насны 163 620 хүүхдээс 97.5 хувь нь, 8 600 жирэмсэн эхийн 93.3 хувь нь хамрагдсан талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өнөөдөр НОК-ын хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрээр хэлэхдээ, "КОВИД-19 халдварын өдөрт батлагдах тохиолдол буурч байна. Нийт тохиолдлын 11 хувийг жирэмсэн эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн сүүлийн долоо хоногт нэмэлт тунгийн дархлаажуулалт нэмэгдсэн. Амралтын өдрүүдээр оюутны байранд дархлаажуулалтын аян зохион байгуулна. Нийт 8 их сургуулийн оюутны дотуур байранд 3635 оюутан байгаагийн 51.6 хувь нь хамрагдаад байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд болон нэн хүнд хүмүүсийн эзлэх хувь нэмэгдэж байна. Эмнэлэгт эрсдэлтэй, зайлшгүй, цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс 18 хувийг эзэлж байгаа.

Томуугийн вакцинд хамрагдвал зохих 2-11 насны 163,620 хүүхдээс 97.5 хувь нь, 8,600 жирэмсэн эх хамрагдахаас 93.3 хувь нь хамрагдсан" гэв.


Ор зохицуулалтын багийнхан өчигдөр хэвтэх шаардлагатай 511 хүнээс 485-ыг нь хэвтүүлсэн бол өнөөдөр үлдсэн 49 хүнийг хэвтүүлэх юм байна. Энэ долоо хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй ажээ.


Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар нэг цэцэрлэг, нэг ЕБС халдварын улмаас бүрэн цахимд шилжээд байгаа аж. Мөн хагас цахимд шилжсэн нэг цэцэрлэг, нэг ЕБС байна. Сүүлийн 24 цагийн байдлаар цэцэрлэгүүдээс 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан, харин ЕБС-ийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан коронавирусээр халдварласан нь батлагджээ.


Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 эмийн сан уртасгасан цагаар ажиллаж байгаа бол 24 цагийн үйлчилгээтэй есөн эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ