Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх цахим уулзалт

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2021-10-14 14:19:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийснийг олон нийт мэдэж байгаа. Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотолсон нь цахим уулзалтын гол ач холбогдол байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжиж, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлоод, БНХАУ-ын Засгийн газраас

Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлсэн юм.


Ерөнхий сайд нарын уулзалтын бас нэг гол зүйл бол хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдсэн явдал. Энэ хүрээнд худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, юуны өмнөГашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрчээ. Мөн Тяньжин боомтод  саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр болсон байна.



Хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналын дагуу Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдлээ. Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа ч илэрхийлсэн. Мөн Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.


Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцсон зэрэг нь цар тахлын хүнд цаг үед гэрэл гэгээ татуулсан үйл явдал боллоо. Энэ бүхний эцэст Ерөнхий сайд нар хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцсон байна.


Хөрш хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээ мэдээлэл дамжуулсныг та бүхэнд товчлон хүргэе.


БЭЭЖИН. /China.org/. Уулзалтын үеэр Ли Көцян, Хятад, Монгол нь найрсаг харилцаатай ойр дотно хөрш орнууд болохыг онцлоод, хоёр оронд “COVID-19” цар тахалтай тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах үүрэг тулгараад буйг тэмдэглэв. Мөн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх нь зөвхөн хоёр талд төдийгүй бүс нутагт үр өгөөжтэй гэдгийг онцлон хэлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Манай улс Монгол Улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэх, голлох салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын худалдааг өргөжүүлэх, хилийн боомтын бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, урьд нь тохиролцсончлон цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах арга хэмжээнүүдийг нягт хэрэгжүүлэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” гэв.




Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд хоёр орон цөлжилтөөс сэргийлэх, таслан зогсоох чиглэлд хамтын ажиллагаагаа урагшлуулан ахиулж, цэвэр, үзэсгэлэнтэй орчныг хамтран цогцлооно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Мөн Хятад улс урьдын адил Монгол Улсад эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, “COVID-19”-тэй тэмцэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдгийг нэмж хэлсэн байна.

Цаашид хоёр тал ашигт малтмал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хилийн боомтоор нэвтрүүлэх ачаа барааны хэмжээг нэмэгдүүлж, хоёр талын харилцааг улам хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлсэн байна. 


БЭЭЖИН. /CCTV/. Ли Көчян хэлэхдээ, Хятад, Монгол бол уул усаараа холбогдсон хөршүүд юм. Хоёр орны харилцаа сайн хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй урагшилсаар байна. Энэ оны 7-р сард Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Ү.Хүрэлсүхтэй утсаар ярьж, Хятад, Монголын харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэх талаар чухал зөвшилцөлд хүрсэн. Одоогийн байдлаар хоёр улсын хувьд цар тахалтай тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг хамгаалах үүрэг хүлээж байна. Хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр орон болон бүс нутгийн хувьд ашигтай юм гэв..


БЭЭЖИН. /Xinhua/. Хятад, Монгол нь найрсаг харилцаатай ойр дотно хөрш орнууд болохыг Ли Көцян онцлоод, хоёр оронд “COVID-19” цар тахалтай тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах үүрэг тулгараад буйг тэмдэглэв. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Манай улс Монгол Улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэх, голлох салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын худалдааг өргөжүүлэх, хилийн боомтын бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, урьд нь тохиролцсончлон цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах арга хэмжээнүүдийг нягт хэрэгжүүлэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” гэв. Тийнхүү БНХАУ нүүрсний арвин нөөцтэй ч эрчим хүчний өргөн хүрээний хамтын ажиллагааг өрнүүлэхэд бэлэн байгааг илэрхийлээд, харилцан ашигтай үр дүнд хүрэхийн тулд хоёр орны нүүрсний худалдааг нэмэгдүүлэхийг сайшаажээ.   

 

Холбоотой мэдээ