Малчдын хадгаламж зээлийн хоршоо нь төвөөс алслагдмал нутагт үр өгөөжөө өгдөг

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-10-14 17:51:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн хүрээнд малчны 10 хадгаламж зээлийн хоршоо амжилттай ажиллаж байна.

Төсөл хэрэгжихдээ жалгын нэг тарсан малчдыг нэгтгэж, малчдын байгууллагын үүсгэж, түүнийг төлөвлөх, хянах тогтолцоог бий болгоход анхаарч, малчдын орлогыг нэмэгдүүлж ажилласан. Өнөөдрийн байдлаар тус аймагт малчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага 22 суманд байгуулсан. Малчны хотноос үйлдвэрлэгчид шууд түүхий эдээ нийлүүлж, ченжийн системийг халж 20 хоршоо байгуулсан. Малчин хүнд бэлэн мөнгөний асуудал их гардаг, үүнийг шийдсэн 10 хадгаламж зээлийн хоршоо  байгуулсан байна. Үүнээс тодруулж хэлбэл хадгаламж зээлийн хоршоо нь эдийн засаг, нийгмийн гэсэн хос зорилготой, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага. Одоо цагт, нэгдлээс хойших, малчдын төлөө ажиллаж буй ганц байгууллага юм. Төслийн хүрээнд аймгуудад малчдын хадгаламж зээлийн хоршоог байгуулснаар малчдын байгууллагуудыг холбож, дэмжсэнээр хэд хэдэн чиглэлд дэвшил гарсан.

Тухайлбал, мал аж ахуйн зарим бүтээгдэхүүний чанар сайжирсан. Мах, сүү, ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноос зэрэг малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн чанар ч сайжирсан. Малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх, худалдан авагчдын шаардлагад нийцсэн түүхий эд бэлтгэдэг хариуцлагатай малчид, хоршоодын тоо нэмэгдсэн. Ингэснээр эдгээр түүхий эдээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний чанар, үнэлэмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулан, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж нээгдсэн. Хоршоо нь төвөөс алслагдмал, төрийн үйлчилгээ тэр бүр хүрдэггүй нутаг болон банкны шаардлага хангахгүй гэж үздэг эмзэг бүлгийн иргэд, малчидтай тулж ажилладаг. Тэр хэмжээгээр тэдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг бага боловч шийдэж, сум, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байдаг гишүүд төвтэй байгууллага юм гэж аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос мэдээлэв. 


Холбоотой мэдээ