Арьс товруутах өвчнөөр өвчилсөн 109 үхрийг устгалд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-14 22:37:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үхрийн арьс товруутах өвчнөөр Сүхбаатар аймгийн таван сумын 109 үхэр өвчилснийг тогтоож, бүрэн устгалд оруулжээ. Тус аймаг нийт 362 мянган толгой үхэртэй бөгөөд үүнээс 3500 үхрийг угаалгад хамруулж, 5500 үхэрт эрүүл мэндийн үзлэг хийжээ. Мөн нийт үхрийн 3,6 хувийг вакцинд хамруулжээ. Үлдсэн үхрийг вакцинжуулахад шаардлагатай хоёр сая тун вакцины захиалгын саналаа МЭЕГ-т хүргүүлсэн байна.

Малын гоц халдварт өвчин гарсан сумдад хөл хорио тогтоогоод байгаа. Одоогоор Баруун-Урт, Сүхбаатар, Онгон, Эрдэнэцагаан, Халзан сумын долоон голомтод 21 өрхийн 109 үхэр дээрх өвчнөөр өвчилсөн бөгөөд энэ сарын 7-ноос хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч малчид малаа байнгын хариулгатай байлган, отор нүүдэл хийхгүй байж өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа сумын мал эмнэлэгт яаралтай хандахыг аймгийн МЭГ-аас санууллаа. 

Холбоотой мэдээ