Хүний нөөцийн чуулганаар дижитал шилжилтийг хэлэлцэж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-10-15 15:19:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний нөөцийн ажилтны өдөр өнөөдөр тохиож байна. Хүний нөөцийн судалгааны хүрээлэнгээс хүний нөөцийн ажилтнууд арга туршлага солилцож хүний нөөцийн үйл ажиллагааны талаар ярилцаж байх зорилгоор 2010 онд анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Улмаар жил бүр тогтмол зөвлөлддөг болж, улмаар Хүний нөөцийн ажилтны өдрийг тэмдэглэж байх талаар 2016 онд Монгол Улсын Тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд оруулсан юм.

Энэ өдөр нь зөвхөн Хүний нөөцийн ажилтны өдөр бус аливаа хамт олныг удирдан чиглүүлэгч удирдах ажилтны өдөр болгохыг зорьж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Хүний нөөц гэдэг нь мэргэжлийн талаас байгууллагын хамт олон, ажиллагчдын авьяас билэг, ур чадварыг хөгжүүлж, ажлын байрыг зөв оноож, ажилтан, ажилчдын ажлын гүйцэтгэлийг улам сайн болгон хөгжүүлэх зорилготой юм.

Дээрх зорилгын үндсэн дээр ажилтан, ажилчдын цалин, урамшууллыг зөв тодорхойлж, шударгаар үнэлж дүгнэн тогтвор суурьшилтай ажиллуулж байгууллагын ажлын бүтээмжийг дээшлүүлэх юм. Хүний нөөцийн ажилтан нь ийм үүрэг хүлээн ажилладаг. Ажил үүрэг даалгах, удирдан зохион байгуулж, тухайн ажлыг үнэлж дүгнэх талаасаа байгууллагад ажиллаж буй алба, хэлтэс, нэгж бүрийн дарга нар нь ажилтнуудынхаа хувьд Хүний нөөц менежер болдог байна.

Энэ жилийн Хүний нөөцийн ажилтны өдрөөр Хүний нөөцийн ажилтны цахим чуулганыг "ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН, ДИЖИТАЛ HR” уриан дор зохион байгуулж байна. Чуулганаар Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын онцлогуудыг танилцуулж, мөн боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын дижитал шилжилт, “ХҮН-3” төлөвлөлт, загварын судалгааны дүнг мөн танилцуулан хэлэлцэж байна.  

Холбоотой мэдээ