Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг 5.8 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-18 17:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сүүлийн хоёр жил цар тахлаас болж иргэдийн интернэт хэрэглээ нэмэгдсэн. Үүнээс болж цахим гэмт хэрэг, мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэрэг ихэссэн тухай ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга,  цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун  мэдээллээ. 


Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тэрээр хэлэхдээ, “Ноднин цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 56 хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 5.8 дахин нэмэгдэж 326 болсон. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, тээврийн хэрэгсэл эд хөрөнгөө барьцаанд тавьж хохирох, мөн бусдыг залилах зэрэг хор уршигтай. Бүр цаашлаад удирдлагууд нь мөрийтэй тоглосноор ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч хохирч байна.

Зохион байгуулж буй этгээдүүд тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг харах, солих, тоглогчид давуу байдал олгож хожуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тэгэхээр тоглож буй иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй” гэдгийг анхааруулав.




Мөн “Өдөрт 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглаж мөрийтэй тоглоомтой холбоотой 2000 гаруй гүйлгээ хийгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс УЕПГ, Монголбанк, ЦЕГ, ХХЗХ зэрэг төрийн байгууллага, арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна. Мөрийтэй тоглоом тоглуулсан иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, харин тоглож байсан иргэдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Мөрийтэй тоглоом тоглуулдаг сайт руу мөнгөө хийсэн бол таны мөнгө эргээд олдохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй" гэв.

Мөрийтэй тоглоом зохион байгуулж байгааг цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт мэдэгдэх боломжтой бөгөөд мэдээлэл өгсөн иргэн байгууллагын нууцыг хадгалахаар зохицуулжээ.

Холбоотой мэдээ