Афганистаны талаар явуулж буй Байдены үйл ажиллагааг шалгаж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-10-19 10:19:45

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Төрийн департаментын ерөнхий байцаагч Дайна Шоу Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Афганистаны талаар гаргаж буй дипломат хүчин чармайлтыг шалгаж эхэлсэн тухай “Politico” дипломат байгууллага дахь болон Конгресс дахь эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.


Тус сонинд мэдээлж буйгаар, энэхүү шалгалт нь юуны өмнө Афганистан дахь Америкийн дипломат оролцоог хумих нөхцөл байдал, түүнчлэн “Талибан” хөдөлгөөний хяналтад орсны дараа Өмнөд Азийн энэ улсаас янз бүрийн ангиллын хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх асуудалд голчлон анхаарал хандуулах аж. Тухайлбал, Афганистаны иргэдэд цагаачлалын тусгай виз олгох хөтөлбөр, афган дүрвэгсдийг АНУ-д шилжүүлэн суурьшуулах, Кабулын олон улсын нисэх онгоцны буудлаас Афганистан болон Америкийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх үйл явцыг шалгах аж.


Шоу мөн энэ тухай Конгресст хэдийнэ мэдэгдсэн гэж “Politico” сонин мэдээлсэн байна. Тодруулбал, түүний алба энэ асуудлаар "хяналтын хэд хэдэн төсөл" эхлүүлж байгааг тэрбээр мэдэгджээ.


АНУ Афганистанаас яаран гарсан нөхцөл байдлыг Конгрессын хэд хэдэн хороо судалж эхлээд байгаа юм. Түүнчлэн АНУ -ын засгийн газарт Афганистаныг сэргээн босгох асуудал эрхэлсэн ерөнхий байцаагч Жон Сопко, Пентагоны ерөнхий байцаагчийн үүрэг гүйцэтгэгч Шон О'Доннелл нар ийм шалгалт хийх төлөвтэй байна.


Холбоотой мэдээ