“Нью жуулчин турс” ХХК-д “Аюулгүй аяллын шошго” олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-19 18:41:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нью жуулчин турс” ХХК-д Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ өнөөдөр Аюулгүй аяллын шошгын батламж гардууллаа. 


Тодруулбал, Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудад зориулсан эрүүл ахуйн протокол, Аялахад аюулгүй гэсэн тэмдгийг шаардлага хангасан байгууллагуудад үнэ төлбөргүй олгож, шинэ хэвийн нөхцөлд аялал жуулчлалын үйл ажиллагаагаа сэргээхэд нь тусалж байна. Тэгвэл шаардлагатай нөхцөлийг хангасан аялал жуулчлалын компаниудад “Аюулгүй аяллын шошго” олгож эхэлжээ.


"Аюулгүй аяллын шошго" авснаар гадаад, дотоодын аялагчдын итгэлийг сэргээж, хариуцлагатай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх тухайн ААН, байгууллага аюулгүй ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлж буйг гэрчлэх боломжтой байна.




Энэ үеэр Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Аюулгүй аяллын шошго бол “КОВИД-19” цар тахлын халдвартай тэмцэх зорилгоор тусгайлан бий болгосон дэлхийн аялал жуулчлалын салбарын анхны аюулгүй байдал, эрүүл ахуйн шошго юм.

Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс олгож буй уг шошгыг дотооддоо олгох эрхийг манай байгууллага авсан. Одоогоор 10-аад аж ахуйн нэгжид шошгыг олгосны нэг нь “Нью жуулчин турс” компани болж байна.

Магадгүй ирэх оноос эхлэн манай улсаар аялах гаднын орны жуулчид аль нэг үйлчилгээний газрыг сонгохдоо Аюулгүй аяллын шошго авсан аж ахуй нэгжээр үйлчлүүлдэг болно. Иймд бид зорин ирэх аялагч жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд тус шошгыг шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд олгож байна” гэлээ.




“Нью жуулчин турс” компанийн ерөнхий захирал Ш.Нэргүй, “Өнөөдөр аялал жуулчлалын салбарын судлаачдын мэдээлж байгаагаар, "КОВИД-19"-ийн дараах гэдэг ойлголтыг халж түүнтэй эвлэрье, аялагчдын айдсыг багасгахад анхааръя гэж ярих болжээ. Аялагчдын айдсыг багасгана гэдэг нь тэднийг аюулгүй аялахад онцгой анхаарна гэсэн үг. Тэгэхээр аль улс жуулчдын аюулгүй ажиллагааг хангаж байна, тэр орон руу аялагчид аялах хандлага бүрдэх юм.

"КОВИД-19"-ийн нөхцөл байдлын үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хангах, аялагч жуулчдын эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ гэдэг маш чухал асуудал болж хувирсан. Дэлхийн Аялал жуулчлалын зөвлөлөөс ковидын үед аялах зөвлөмжийг гаргасан. Энэхүү зөвлөмжийн хүрээнд манай компани дотооддоо ковидын үеийн аюулгүй ажиллагааны стандартыг өнгөрсөн оны нэгдүгээр сараас боловсруулж, бэлтгэл ажлаа хангаад буй.

Манай компани өнөөдөр Аюулгүй аяллын шошгыг гардаж авлаа. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс олгож буй шошгыг авсан байна гэдэг нэр төрийн хэрэг, мөн баталгаа болсны дээр өрсөлдөөний хувьд давуу талыг өөрсдөдөө бий болголоо” гэв.


Жил тойрон зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг сэргээх санаачилгын хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс эрүүл мэндийн шинэ удирдамж боловсруулсан. Тэр дунд агаарын тээвэр, зочлох үйлчилгээ, даатгал зэрэг аялал жуулчлалын салбарт оролцоотой 11 чиглэлээр Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс удирдамж боловсруулсан. Эдгээр удирдамж нь улс орнуудын эрх бүхий байгууллагуудыг нэгдсэн удирдамжаар хангахын зэрэгцээ “КОВИД-19”-ийн дараах дэлхийн эрүүл мэнд, эрүүл ахуйн шинэ хандлагын талаар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч, аялагчдад зориулсан зааварчилгаа болох юм.

 

Холбоотой мэдээ