“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-10-22 16:01:37

БЕРЛИН. /DW/. Германы “Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч Жулиан Нагельсманны Португалын нийслэл Лисбон хотод өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.


Лисбонд болсон Аваргуудын лигийн тоглолтод “Бавари Мюнхен” Португалын “Бенфика” клубийг 4-0 онооны харьцаагаар буулган авсан юм.


Ж.Нагельсманны хувьд томуутай төстэй шинж тэмдэг илэрсний улмаас тоглолтын талбайд очилгүй зочид буудалд байрлаж байсан бөгөөд хожим нь халдвар авсан болох нь тогтоогдсон байна.


“Ж.Нагельсманн вакцинд бүрэн хамрагдсан байсан ч шинжилгээний хариу нь эерэг гарлаа” гэж “Бавари Мюнхен” клуб пүрэв гарагт мэдэгджээ. Тэрбээр Мюнхен хот руу багийнхнаасаа тусдаа буцаж, гэртээ тусгаарлагдах аж.


Бавари Мюнхен” клуб “Бенфика”-гийн эсрэг хийх тоглолтоо эхлэхээс өмнөхөн “Twitter” хуудсаараа дамжуулан Ж.Нагельсманн томуу төст өвчний улмаас талбайд ирэх боломжгүй болсныг мэдэгдээд, түүнийг Дино Топпмоллер, Ксавер Земброд нар орлоно гэжээ.


Түүнчлэн пүрэв гаргийн орой Ж.Нагельсманн өөрт нь сайн сайхныг хүссэн дагагчдадаа талархал илэрхийлээд, биеийн байдлаа сайн байгаагаа “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Мөн баг бүрэлдэхүүнээрээ маш их бахархаж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ