Гуулингийн усан цахилгаан станц жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачилга, дэмжлэгээр Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэртэй хамтран Гуулингийн УЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж эхлээд байна. Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлж өгсөн тоног төхөөрөмжийг Гуулингийн УЦС-д суурилуулснаар үйлдвэрлэл 1,5 мВ-ын хүчин чадалтай болох аж.
“Тайшир Гуулин” УЦС-ын дарга Д.Амартүвшин: -“Бидний төлөвлөснөөр ирэх жил Гуулингийн УЦС-ыг төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллуулна. Ингэснээр “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл төвийн болон баруун бүсийн эрчим хүчний системээс худалдаж авдаг үнээс 40-50 дахин хямд эрчим хүчийг үйлдвэрлэж, жилд 150-200 сая төгрөгийн дотоодын эх үүсвэр нэмэгдүүлнэ” гэдгийг онцлон хэллээ.
Аравдугаар сарын 21-нд “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдлагийн зүгээс тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг инженер техникийн ажилчидтай солилцлоо.
Монголын анхны УЦС гэдгээрээ ихээхэн онцлогтой Гуулингийн станц нь 1997 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө 25 дахь жилдээ эрчим хүч тасралтгүй үйлдвэрлэж байгаа юм. Одоогоор Говь-Алтай аймгийн Гуулин тосгон, Дэлгэр сум, Завхан аймгийн Шилүүстэй сумыг 4-10 дугаар сарын хооронд цахилгаан эрчим хүчээр хангадаг. Энэхүү станцыг Говь-Алтай аймгийн Гуулингийн услалтын системийн ус дамжуулах сувгийг түшиглэн барьжээ. Станц жилдээ 500-600 кВ-ын хүчин чадлаар ажилладаг бөгөөд станцын хүчин чадлыг 3-4 дахин нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү техник төхөөрөмжийн шинэчлэлтийг хийж эхлээд байгаа тухай АУЭХС ТӨХК-аас мэдээлэв.