Удирдлагууд улаан бүсэд орж ажиллав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-10-23 12:51:05
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав болон ОБГ, МХГ, ЭМГ-ын холбогдох удирдах ажилтнууд энэ сарын 22-нд Нэгдсэн эмнэлгийн ковидын тусгаарлан эмчлэх байр буюу улаан бүсэд орж ажиллав.

Энэ үеэр эмчлүүлэгсэдтэй уулзаж, тэдний дуу хоолойг сонслоо. Өмнөх тусгаарлан эмчлэх байруудыг бодвол зориулалтын эмнэлгийн байранд хэвтэж байгаа болохоор өвчтнүүд тохилог, эмч, эмнэлгийн ажилтнуудын эмчилгээ, хоол, харилцаа хандлага сэтгэлд нийцэж байгааг тэд дуулгалаа.
Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн төв А блокт жирэмсэн эхчүүд, хүүхэд, ахмад настан, эрсдэлт бүлгийн хүндрэх эрсдэлтэй нийт 330 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэгдсэн эмнэлгийн А блокын тусгаарлах байранд сэхээн амьдруулах 10 ортой тасаг нээн ажиллуулж байгаа бөгөөд 7-8 хүн тасралтгүй хэвтэж байна. Ихэвчлэн суурь, хавсарсан өвчтэй, вакцины бүрэн тунгаа аваагүй хүмүүс хүндэрч байгааг эмч нар хэлж байлаа. Нэгдсэн эмнэлгийн 325 эмч, ажилтнаас 100 нь улаан бүсэд ажиллаж байна. Түүнчлэн бусад эмч, ажилчдаа дайчлан ажиллуулж байгаа бөгөөд эмнэлгийн удирдлагууд долоо хоногт 2-3 удаа орж нөхцөл байдлыг шалган ажилладаг талаар мэдээллээ.
Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл хэлэхдээ "Коронавирусний халдвар илэрснэээс хойш 330 ороо бүрэн ашиглаж, өрхөөс, сумдаас эрэмбэлэгдэн ирсэн хүнд өвчтөнүүдийг эмчилж байна. Эмч нар маань улаан бүсээс, гэрийнхнээсээ, ажлаа хийж байгаад халдвар авч, хүний нөөцийн хомсдол тасралтгүй үүсдэг. Гэвч бид цагийн зохион байгуулалт гарган эмч нараа 8/16 цагаар, сувилагч нар 7/7 хоногийн ээлжээр ажиллаж байгаа. Жирэмсэн эхчүүдийн болон сэхээн амьдруулах тасгийн эмч, ажилчид маань 10-14 хоногийн хугацаатай тусгаарлагдан ажилладаг. ХӨСҮТ-өөс баг ирж бидэнд зөвлөн туслах үйлчилгээ явуулснаар нэг эмч, нэг сувилагчид 40 өвчтөн оногдуулж тооцож байгаа. Сувилагч, үйлчлэгчээ нэмэгдүүлсэн. Өнөөдөр бидэнд бэрхшээл тулгарсан асуудлууд гарч байна. Хил гаальтай холбоотой тариур, дуслын тариа, нэн шаардлагатай зарим нэг антибиотик, вирусний эсрэг эм тасраад олдоц муутай байна. Тендерээр эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг байгууллагууд танайд тариур нийлүүлэх боломжгүй гэдэг бичгийг хүртэл өгсөн. Тиймээс бид бусад эм ханган нийлүүлэх байгууллагаас эмчилгээ үйлчилгээгээ нийлүүлэх боломжийг бүрдүүлж, бүхий л чадлаараа ажиллаж байна. Иргэд, эмчлүүлэгсэд маань үүнийг ойлгож хүндэтгэлтэй хандаасай” гэв.
Мөн тэрээр Хүчилтөрөгчийн бичил үйлдвэрийг байгуулах талаар удаа дараа Эрүүл мэндийн яам, дээд шатны байгууллагуудад санал тавьж, хүсэлт явуулж байна. Ковидын эмчилгээ болоод сэхээнд байгаа хүмүүсийн гол эмчилгээ нь хүчилтөрөгч. Нэг өдөрт 2-3 удаа автомашин явуулж хүчилтөрөгч Улаанбаатар хотоос тээвэрлэж байгаа талаар ярилаа.
Холбогдох албаныхан Улаан бүсэд ажиллаад тодорхой шийдвэр гаргахаар Шуурхай штабыг хуралдуулах, Улсын Шуурхай штаб, Онцгой комисст санал хүргүүлэн ажиллахаар боллоо.
Холбоотой мэдээ