Төрийн албан хаагчдын ажлыг иргэд үнэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-25 20:05:14
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн төрийн байгууллагадаа үнэлгээний төхөөрөмжийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Энэ нь төрийн албан хаагчаас иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, хүнд суртал гаргахгүй, хөнгөн шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх гол зорилготой юм.
Тэгвэл 9, 10 дугаар сард үнэлгээний төхөөрөмж суурилуулсан байгууллагуудаар нийтдээ 4017 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс төрийн албан хаагчийн үйлчилгээг 3374 иргэн “Маш сайн”, 584 иргэн “Сайн”, 42 иргэн “дунд”, 17 иргэн “муу” түвшинд үнэлсэн байна.
Өндөр нягтралтай камер, дууны төхөөрөмж бүхий уг төхөөрөмжийг суурилуулснаар төрийн албан хаагч, иргэний хооронд маргаан үүссэн тохиолдолд маргааныг эрх бүхий албан тушаалтан газар дээр нь шийдвэрлэх, иргэн өөрт нь үйлчилж буй төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх боломжийг олгодгоороо онцлогтой.
Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчийн ажлын үр дүнг бодитой үнэлж урамшуулах, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцох асуудал төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгжиж байна.
Холбоотой мэдээ