Элчин сайд Жалгас Адилбаев Ховд аймагт зочлов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-25 13:41:39

Ховд /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев, ажлын багийн гишүүдийн хамт Ховд аймагт ажиллав.  

Тус ажлын баг энэ сарын 23-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, бусад албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн тухай танилцуулж, санал солилцсон байна.   


Элчин сайд Жалгас Адилбаев хэлэхдээ, Ховд аймгаас-Казахстан, Казахстанаас-Ховдын чиглэлд нислэг үйлдэж эхэлвэл хоёр талын хамтын үйл ажиллагаа илүү сайжрах боломжтой гэлээ.   
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр талын нислэг үйлдэх боломж бүрдвэл Ховд аймгаас Казахстанд суралцдаг оюутнууд, тэдний ар гэрийнхэн, иргэд зорчиход илүү хялбар болох, цаашлаад аялал жуулчлалын салбар илүү хөгжих, үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг экспортлох замаар эдийн засгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа онцлон хэлэв.    
Мөн Элчин сайд Жалгас Адилбаев “Хан Жаргалант” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр, Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцсан гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.     

Холбоотой мэдээ