Агро парк, Үйлдвэрлэл технологийн парк төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-25 15:10:17

Ховд /МОНЦАМЭ/. “Шинэ Ховд” төслийн хүрээнд хэрэгжих “Агро парк”, “Үйлдвэрлэл технологийн парк” төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.   

Тус хэлэлцүүлгийн үйл ажиллагааг энэ сарын 22-нд “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци”-аас зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад албаны төлөөлөл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд оролцов. 

Энэ үeэр тус төcлүүдийн талаар мэдээлэл танилцуулж, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар талууд санал солилцсон байна.

Олон жилийн өмнө Ховд аймгийн Буянт, Ховд, Эрдэнэбүрэн, Алтай, Булган, Үенч, Манхан суманд усалгаатай газар тариалан хөгжиж, өргөн уудам талбайд төмс, хүнсний ногоо тарьж байсан түүхтэй. Өнөөдөр хуучин услалтын системүүдийг сэргээн засварлах, шинэчлэн байгуулах шаардлага бий. 

Иймээс Агро парк төслийн хүрээнд Алтай, Буянт, Булган, Манхан, Мянгад, Зэрэг, Эрдэнэбүрэн суманд 10 мянган га талбай бүхий услалтын систем шинээр байгуулна. Тус талбайд тэжээлийн ургамал тарьж малчдаа хямд, чанартай тэжээлээр хангах, чихрийн манжин тарьж цаашдаа элсэн чихэр үйлдвэрлэх, жимс жимсгэнэ тарих гэх мэт 20 шахам төсөл хэрэгжүүлснээр мал аж ахуй, газар тариалангийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй.    

Энэхүү төслийн хүрээнд: 

-Малын тэжээлийн үйлдвэр

-Бордооны үйлдвэр

-Гахайн аж ахуй

-Тахианы аж ахуй

-Саалийн үнээний фермүүд

-Махны чиглэлийн үхрийн ферм

-Хонь, хурга, үхэр бордох аж ахуй

-Шувууны аж ахуй

-10.000 кв.м өвлийн хүлэмж

-10.000 кв.м зуны хүлэмж

-1000 кв.м үр, үрсэлгээ, суулгацын хүлэмж зэргийг хэрэгжүүлж, 200 орчим ажлын байр бий болгох юм. 

Харин ирэх жил Үйлдвэрлэл технологийн парк төслийн бүтээн байгуулалт эхлэх аж. Учир нь паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэж, ирэх 2022 оноос ажил нь эхэлнэ гэж албаныхан хэллээ. Мөн “Үйлдвэр технологийн парк”-ийн тухай хуулийг тун удахгүй холбогдох дээд шатны байгууллагад өргөн барьж, хэлэлцэх аж. Ингэснээр эрчим хүч, дулаан, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь шийдэгдсэн, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн нөхцөлд иргэн, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх боломжтой болох юм.  

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг яаралтай ашиглалтад оруулах, үйлдвэрлэгч нарт зөвлөн туслах үйлчилгээ нэвтрүүлэх, алслагдсан бүс нутагт хэрэгжиж байгаа 10 биш 1 хувийн татварын талаар мэдээлэл сурталчилгааг идэвхжүүлэх ажлыг хийхээр болжээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах “Ээлтэй худалдан авалт” уриалга гаргахаар болсон байна.  

Үйлдвэрлэл технологийн парк байгуулснаар 20 гаруй үйлдвэр шинээр бий болно. Энэ хүрээнд шинээр барих үйлдвэрүүд гэвэл:

-Арьс шир гүн боловсруулах үйлдвэр

-Хаягдал яс боловсруулах үйлдвэр

-Ноос, ноолуур угаах үйлдвэр

-Ноос, ноолуур самнах үйлдвэр

-Мах боловсруулах үйлдвэр

-Адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэр

-Өлөн гэдэс боловсруулах үйлдвэр

-Сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр

-Гэрийн мод, барилгын модон хийцийн үйлдвэр

-Оёдлын үйлдвэр

-Гутлын үйлдвэр

-Оймс, бээлийний үйлдвэр

-Дахин боловсруулах үйлдвэр

-Сав, баглаа, боодлын үйлдвэр

-Савангийн үйлдвэр

-Ундаа, усны үйлдвэр  

 

Төслийн үр өгөөж гэвэл: Мал аж ахуйн түүхий эдийн нөөцдөө тулгуурласан үйлдвэрүүд барина. 

-Малын гаралтай бүх төрлийн түүхий эдийг боловсруулж, үнэ цэнийг өсгөнө

-Малчдын хөдөлмөр үнэлэгдэж, орлого нэмэгдэнэ

-Паркийг дагасан ЖДҮ, худалдаа, үйлчилгээ хөгжинө

-Орон нутагт 750-800 хүний ажлын байр шинээр бий болно

-Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ

-Орон нутгийн эдийн засгийн чадавхи, иргэдийн амьжиргаа сайжирна

-Паркийн нутаг дэвсгэрт үйлчлэх хөнгөлөлт, чөлөөлөлт

-Барилга, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар-100 хувь чөлөөлнө

-Газрын төлбөр- 100 хувь чөлөөлнө

-Орлогын албан татвар нийслэлээс 10 дахин бага буюу 1 хувь

-Паркийн дэд бүтцийг бий болгоход оруулсан хөрөнгө оруулалтыг татвар ногдох орлогоос хасч тооцно гэж Шинэ Ховд цахим хуудсаар дамжуулан мэдээлэв.  

Холбоотой мэдээ