Явган хүний зам хааж хашаа барьсан зөрчлийг арилгах арга хэмжээ авч байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-10-25 16:21:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болсон байна.


Тодруулбал, Төв шуудангийн урд барилга барьж буй “Улаанбаатар пропертиз” компанид нийтийн эдэлбэр газарт барьсан түр хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлагыг хүргүүлжээ.




Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир хэлэхдээ, “Улаанбаатар пропертиз” компанид бид өмнө нь дөрөв болон зургаадугаар сард шаардлага хүргүүлж байсан. Одоогийн энэ хашаа стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байсан юм.  Иймд шаардлага хүргүүлж, тухайн компани шинээр хашаа барьсан. Ингэхдээ хашаагаа нийтийн эдэлбэр газарт хэтрүүлэн барьсан байна. Тухайн байгууллагад албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” гэв.




НМХГ-ын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б. Отгонцэнгэл, “НИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлд хашаа, хайс барих, буулгах журам бий. Энэ журмын дагуу тухайн барилгын компани Хот байгуулалт, хөгжлийн газраас аюулгүй байдлын болон барилгын түр хашаа барих зөвшөөрөл авах ёстой. Тухайн аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй. Иймээс Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас хүргүүлэн, зөрчлөө арилгахгүй бол торгуулийн арга хэмжээ авч, мөн газрыг албадан чөлөөлж болно” гэлээ.


“Улаанбаатар пропертиз” компани маргааш 12.00 цаг гэхэд барьсан түр хашаагаа татахаа мэдэгджээ.




Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал нийслэлийн 1500 орчим байршилд зөрчил арилгах арга хэмжээ авсан гэдгээ онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, газрын зөрчил арилгах ажил 2021 оны байдлаар 97.8 хувьтай гүйцэтгэлтэй ажиллаж байна.

Холбоотой мэдээ