БНХАУ, НҮБ хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-25 17:12:38

БЭЭЖИН. /China Daily/. Хятад улс НҮБ тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, хөгжлийн замналыг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгааг “Vision China” цахим үйл ажиллагаанд оролцогчид цохон тэмдэглэжээ.


БНХАУ НҮБ-д хууль ёсны байр сууриа сэргээсний 50 жилийн ойг тохиолдуулан “China Daily” сониноос зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааны үеэр талууд дэлхийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтэд оруулж буй БНХАУ-ын хувь нэмрийг сайшаан хэлэлцсэн байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы 1971 оны 10 дугаар сарын 25-нд баталсан 2758 тоот тогтоолоор БНХАУ-ын хууль ёсны бүх эрхийг сэргээсэн түүхтэй. Тийнхүү өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, маргаан, зөрчлийг тайвнаар шийдвэрлэхийг идэвхтэй дэмжсээр иржээ.


“Өнгөрсөн 50 жилийн хугацаанд БНХАУ-аас НҮБ-д үзүүлсэн дэмжлэгт талархаж буйгаа энэ завшааныг тохиолдуулан илэрхийлье. НҮБ-ыг бүхэлдээ дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжих боломжийг олгосон Хятад улсын санхүүгийн дэмжлэгт, мөн НҮБ-ын хөгжлийн системийг цаашид улам бэхжүүлэхийн төлөөх бидний үйл хэргийг дэмжиж буй явдалд талархаж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед онцлон хэлжээ.


Мөн БНХАУ дахь НҮБ-ын нийгэмлэгийн тэргүүн, Хятадын Гадаад хэргийн хүрээлэнгийн тэргүүн Ван Чао, “Манай улс өнгөрсөн 50 жилийн хугацаанд хөгжиж буй орнуудын хамтаар НҮБ-ын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүргээ өргөжүүлэн тэлж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд манлайлагч болсон” гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, дэлхий дахин одоо шинэ "эхлэлийн цэгт" зогсож буй энэ үед Хятад улс олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөхиүлэн дэмжинэ гэжээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин цар тахал дэгдээд буй энэ цаг үед хүртээмжтэй өсөлтийг хангахын төлөө хамтран ажиллах Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн юм. “Vision China” үйл ажиллагаанд оролцогчдын хувьд энэхүү санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, дэлхийн өсөлтийг тогтвортой байлгах, НҮБ-ын нэр нөлөөг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Мөн Хятад, НҮБ-ын цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн найдлага тавьж буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ