Үндэсний олимпын хороодын холбооны Ассамблейд 206 улсын төлөөлөгч оролцжээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-27 13:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний олимпын хороодын холбоо /ҮОХХ/-ны XXV ерөнхий ассамблей орчин үеийн олимпын өлгий нутаг Грек улсад, тэр дундаа олимпын бурхан Зевсийн төрсөн газар болох Крит арлын Ираклион хотноо амжилттай болж өндөрлөсөн талаар МҮОХ-ноос мэдээллээ. 


“Ковид-19” халдварын улмаас 2020 онд БНСУ-ын Сөүл хотноо болох байсан ерөнхий ассамблей цуцлагдсан хэдий ч ҮОХХ-ноос 2022 оны 10 дугаар сарын 17-21-нд Сөүл хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн энэ үеэр ҮОХХ-ны ерөнхийлөгчийн сонгууль явагдана.


ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Робин Мичелл нэр дэвших сонирхолтой байгаагаа өөрийн тавьсан илтгэлийн үеэр илэрхийлсэн юм.


Энэ жилийн ассамблейд 206 улсын Үндэсний олимпын хороо/ҮОХ/-дын төлөөлөгчид, тив тус бүрийн зөвлөл холбоод, олон улсын спорт холбоод, олимпын наадмыг Зохион байгуулах хороод нэгэн дээвэр дор цугларч, спорт олимпизмын үйл хэрэгт болж буй үйл явдлын мэдээлэл солилцсон юм.


Түүнчлэн ҮОХХ-ны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах, төсөв төлөвлөгөө батлах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, ОУОХ-ны цаг үеийн мэдээ мэдээлэл сонсох, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, ҮОХ-д хамтран ажиллах санал солилцох болон ирэх олимпын наадмуудын зохион байгуулагчид тайлан мэдээллээр хангах зэрэг өргөн хүрээтэй ажлуудыг хэлэлцсэн байна. Энэ удаагийн хуралд 149 орны төлөөлөгч биечлэн оролцсон бол 57 ҮОХ цахимаар оролцлоо.


ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах оролцогчдод хандан хэлсэн үгэндээ: “Бид бүгд нэгэн зорилгын дор нэгдэж, дүрэм журмыг чанд сахин биелүүлж чадсанаар “Токио-2020” олимпын наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэ бол цар тахлын хүндхэн үед ч спортын томоохон наадмыг зохион байгуулж болохыг дэлхий дахинаа харуулж, итгэл найдвар түгээснээс гадна урт хугацааны хөл хорионы дараа тамирчдадаа боломж олгосон түүхэн үйл явдал байлаа. Удахгүй болох “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд мөн энэхүү журмын дагуу амжилттай оролцохыг хүсье” гэв.


Тэрбээр: “Цар тахлын дэгдэлтийн хүнд үед нэг жилээр хойшлоод байсан олимпын наадам болох эсэх нь ч тодорхойгүй, тамирчид болон оролцогч талуудын маш олон асуудлын дунд олон шөнийг нойргүй өнгөрөөж, тухай бүрт нь стратеги төлөвлөлтөө өөрчлөн, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч тасралтгүй ажилласны үр дүнд бид олимпын наадмыг эрүүл, аюулгүй зохион байгуулснаас гадна бид нэгдэн нийлж чадсан цагт спортоор дамжуулан хүн төрөлхтөнд итгэл найдвар, эв нэгдлийг өгч чадахаа харууллаа” гэж онцолсон юм.


Токиогийн олимпын наадмаас нийт 93 улс медаль хүртсэн байна. Хойд Солонгос улс баг тамирчдаа олимпын наадамд оролцуулаагүйн улмаас ОУОХ-ны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн билээ. Энэхүү шийдвэрийг Азийн олимпын зөвлөл мөн дэмжиж байгаагаа илэрхийлэн гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн бөгөөд ингэснээр АОЗ-ын ивээл дор зохион байгуулах наадмуудад Хойд Солонгос улс баг тамирчдаа илгээх боломжгүй болоод байна.


Олон улсын шинжилгээны агентлаг болон Дэлхийн допингийн эсрэг агентлагтай нягт хамтран ажиллаж, олимпын наадамд оролцох бүх тамирчныг допингийн шинжилгээнд хамруулснаар олимпын дэвжээнд гарч болох шударга бус үйлдлийг таслан зогсоож чадсан байна. Энэхүү сайн жишээг цаашид үргэлжлүүлж, ҮОХ-дыг хамтран ажиллахыг уриалав.


Хуралд урилгаар Грек улсын Спортын дэд сайд , Грекийн ҮОХ-ны ерөнхийлөгч Исидорос Коувелас болон Олон улсын олимпын академийн ерөнхийлөгч нар оролцож үг хэллээ.


ҮОХХ-ны ерөнхий ассамблейн эхний өдөр ҮОХХ-ны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулав. Тухайлбал,


-ҮОХХ-ны хурлыг Удирдах зөвлөлөөс санал болгосон тохиолдолд зайлшгүй нөхцөл байдлыг харгалзан видео хэлбэрээр хийх, санал хураах боломжтой байна.


-Удирдах зөвлөлийн саналын эрхтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хамгийн багадаа 30 хувь байна.


-Удирдах зөвлөлийн сул орон тоон дээр сонгогдсон гишүүний хүчин төгөлдөр байх хугацаа нь өмнөх гишүүний хүчинтэй хугацаагаар тооцогдоно гэсэн 3 чухал заалтыг энэ үеэр батлав.


Ерөнхий ассамблейн үеэр “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон шилдгийн шилдэг тамирчин, багийг шалгаруулж, онцгой амжилт үзүүлсэн ҮОХ-дод шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд:


-Шилдэг эрэгтэй тамирчнаар марафон гүйлтийн аварга Кенийн Элиуд Кипчоге


-Шилдэг эмэгтэй тамирчнаар Канадын усанд сэлэгч, Токиогийн олимпын алт, мөнгө, хүрэл медальт Маргарет Макнейл


-Онцгой амжилт үзүүлсэн тамирчнаар 4 дэх олимпдоо дараалж түрүүлсэн сонгомолын бөх Кубын Михаин Лопес


-Онцгой амжилт үзүүлсэн ҮОХ-гоор Японы ҮОХ


-Эрэгтэй шилдэг олон тамирчинтай төрөлд Италийн трэкийн дугуйн баг


-Эмэгтэй шилдэг олон тамирчинтай төрөлд Эстонийн туялзуур сэлэмний баг


-Шилдэг эрэгтэй багаар Японы бейсболын шигшээ


-Шилдэг эмэгтэй багаар Шинэ Зеландын регбийн шигшээ баг тус тус шалгарав.


Олимпын наадмаас анхны алтаа авсан Бермуда, Филиппин, Катар, анхны медалиа авсан Буркина Фасо, Сан Марино, Туркменистан улсын төлөөлөлд түүхэн амжилтыг нь илэрхийлсэн диплом гардуулав. Мөн Австралийн ҮОХ-ны ерөнхийлөгч Жон Коатесийг олимпын хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОУОХ-ны шагналаар шагнаж урамшууллаа.


2019 онд анх удаагаа Катар улсын Доха хотноо болсон Дэлхийн элсний наадмыг 2023 онд Индонези улс зохион байгуулах сонирхлоо илэрхийлснийг хүлээн авав. Дэлхийн элсний анхны наадамд Монгол Улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг эрхээ авч оролцсон бөгөөд эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ.









Холбоотой мэдээ