Монголын хүүхдүүд НҮБ-ын дүрмийг анх удаа үндэсний бичгээр урлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-10-27 14:28:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг анх удаа монгол бичгээр урласан бүтээлийг гардуулах ёслол өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.


Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын дүрмийг үндэсний монгол бичгээр, тэр дундаа бийрээр уран бичих аяныг “Монгол дуу, дүрс сан” ТББ-аас санаачлан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин, Бичиг соёл төв, олон улсын уран бичлэгийн холбоотой хамтран зохион байгуулав.


Аяны хүрээнд Улаанбаатар хот, 21 аймгийг төлөөлсөн 11-19 насны уран бичээч 37 сурагч НҮБ-ын 111 зүйл бүхий дүрмийг хуваан авч А3 хэмжээтэй тусгай цаасан дээр бийрээр уран бичсэнийг хавтаслан ном болгосон байна. Энэхүү бүтээлийг Монгол Улсад суугаа НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишрад гардуулав.


Энэ үеэр тэрбээр хэлэхдээ, “Миний бие АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд 2021 оны 11 дүгээр сард албан ажлаар ажиллана. Энэ үедээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт энэхүү төслийн үр дүн болсон гайхамшигт бүтээлийг Монголын хүүхэд залуусын нэрийн өмнөөс гардуулах болсондоо таатай байна.  Монгол бичиг, хэл, соёл бол үнэхээр гайхамшигтай. Монгол бичгийг би өөрөө сураад зогсохгүй бусад хүмүүст түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад та бүхэнтэй хамтран ажиллах боломж гарна гэдэгт найдаж байна” гэв.


“Монгол дуу, дүрс сан” ТББ-ын тэргүүн Б.Баясгалан хэлэхдээ, “Үндэсний монгол бичгийнхээ хэрэглээг олон нийтийн дунд нэмэгдүүлэх, өсвөр үеийнхэн маань монгол бичигтээ суралцахад нь өчүүхэн ч атугай тус нэмэр болох, цаашлаад 1000 жилийн түүхтэй үндэсний бичгээ олон улсын тавцанд улам дэлгэр сурталчлан таниулах үүднээс Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ойн энэ өдрийг тохиолдуулан монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг анх удаа үндэстнийхээ бичгээр уран бичиж НҮБ-д бэлэг болгон барьж байна. Үүнээс гадна Монголын ирээдүй, хойч үе өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол бичгээ дээдлэн хайрладаг, цаашид түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн хэрэглээ болгож үр хойчдоо нэр төртэй өвлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгааг дэлхий нийтийн сонорт хүргэж буй түүхэн үйл явдал юм” хэмээн тодотгов.


Увс аймгийн Наранбулаг сумын 12 дугаар ангийн сурагч Ж.Бадамсүрэн, “Бийрийн бичлэгийн дугуйланд монгол хэл, уран зохиолын багш Б.Нийслэлхүү, Б.Булган-Эрдэнэ багшийнхаа удирдлага дор гурав дахь жилдээ хичээллэж байна. Бид монгол хүн болж төрснийх эх хэлээ бүрэн дүүрэн эзэмшиж, эх бичиг, өв соёлоо эрхэмлэн дээдэлж хойч үе, ард түмэнд өвлүүлэх чухал үүрэгтэй гэж боддог. Миний хувьд НҮБ-ын дүрмийн 37 дугаар зүйлийг бичсэн. Маш их цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардсан. Цаасны хувьд ном бүтээхэд тохиромжтой зузаан бөгөөд бичихэд гулгамтгай, толбо болоход амархан учир маш их хариуцлага оногдож хоёр сар давтан, зургаан хоног бичиж боловсруулсан. Монгол Улс НҮБ-д нэгдэж орсны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан НҮБ-ын дүрмийг үндэсний бичиг, тэр тусмаа бийрээр бичиж, энэхүү номд гар бие оролцсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 



Холбоотой мэдээ