Нийт өвчлөлийн 1,3 хувийг чихрийн шижин өвчин эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-27 15:11:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хүн амын дундах нийт өвчлөлийн 1,3 хувийг чихрийн шижин өвчин эзэлж байна.

Одоогийн байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад 302 хүн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авч буй бөгөөд энэ тоо 7 хоногт 1-2 тохиолдлоор нэмэгддэг тухай холбогдох газраас мэдээлэв.

“Чихрийн шижин өвчин нь биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт гэх мэт амьдралын буруу хэв маягаас үүсдэг. Чихрийн шижингийн улмаас цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр хүний бие махбод инсулин үйлдвэрлэх болон инсулинд хариу үйлдэл үзүүлэх чадвар багасдаг байна. Энэхүү өвчний эхэн үеийн шинж тэмдгүүд нь маш түгээмэл учраас бид тэр болгон ач холбогдол өгдөггүй. Гэтэл чихрийн шижинг эмчлэхгүй байх нь таны амьдрах хугацааг богиносгож, эрүүл мэндэд тань сөрөг үр дагавар учруулдаг. Хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэвшлээс үүсдэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл биеийн жин илүүдэж, судас хатуурах, элэг өөхлөх, үе мөч өвдөх, хараа муудах, бөөрний эмгэгүүд үүсэх цаашлаад элэг-бөөрний дутагдал, тархи-зүрхний шигдээсээр өвчлөх эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд үүсдэг. Иймд чихрийн шижин өвчнийг аль болох эрт оношилж, эмчлүүлэх нь зүйтэй юм. Хооллолт, дасгал хөдөлгөөнийг нэн тэргүүнд анхаараарай” гэдгийг мэргэжлийн эмч чухалчлан хэллээ. 


Холбоотой мэдээ