С.Энхтүвшин: Өвчлөл бага байгаа учраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-28 20:54:11

Төв /МОНЦАМЭ/ Цаг үеийн байдлын талаар Бүрэн сумын ИТХ-ын дарга С.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Бүрэн сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангасан бэ?

-Бүрэн суманд энэ жилийн намаржаа сайхан байна. Өмнө жил Бүрэн суманд нэлээн гандуу байсан учраас 200 гаруй малчид отор нүүдлээр өөр аймаг, сумд руу явсан байгаа. Өнөөдрийн байдлаар отор нүүдлээсээ нутагтаа ирж амжаагүй 40 гаруй иргэд байна. Тэдгээр иргэд нутаглаж буй газартаа өвөлжих хүсэлтэй байгааг оторлож буй аймаг орон нутгийн удирдлагуудтай ярилцаж, тэднийг өвөлжүүлэхээр гэрээ хэлэлцээр хийж байна.

Энэ жилийн хувьд Бүрэн суманд 370 мянга орчим толгой мал өвөлжих төлөвтэй байна. Зарим газраар зуншлага сайхан байсан хэдий ч зарим газрын өвсний гарц тааруу учир тухайн газарт малчдыг өвөлжүүлэхэд хүндрэлтэй байна. Сумын малчдад тулгамдаж буй асуудлын талаар санал асуулга түүвэрлэн авсан.  Энэ дундаас хамгийн их яригдсан асуудал нь урт хөлийн мал буюу адуун сүргийн отрыг Төв аймгийн Цээл, Заамар сум, Сэлэнгэ аймаг, Орхон Туул гол руу гаргах хүсэлтэй байгааг тус нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцахаар болсон. Өнөөдрийн байдлаар Бүрэн сумын малчид өөрсдөө нийт 30 тн өвс тэжээлийг бүрдүүлсэн байна. Сумын аюулгүйн нөөцөд 1100 боодол өвс, 1500 боодол ногоон тэжээл байна. Нэмэлтээр 500 шуудай тэжээл авахаар төлөвлөж байна.

Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байна. Аймгийн болон сумын хөрөнгө оруулалтаар 130 сая төгрөгийн өртөг бүхий 280 м орчим дулааны шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг хийсэн. Энэ нь эхний ээлжинд 20 орчим айлыг холбох хүчин чадалтай юм. Үргэлжлүүлэн тус өргөтгөлийн ажлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ерөнхийдөө хангагдсан байна.


-Ногоон байгууламжийн хувьд?

-"Эко-Төв аймаг, Эко-Өдөр" аяныг дэмжин Мөнгөнморьт сумаас дэмжиж энэ жил 450 мод буюу улиас, бургас, шинэс, шар хуайс зэргийн 4 төрлийн мод бут авч ирж тарьсан. Өнөөдрийн байдлаар цэнэг усалгаа хийж байна. Мөн намрын мод тарилтын үеэр албан байгууллагууд хашаандаа 50-60 мод суулгасан бөгөөд цэцэрлэгт 500 мод тарьсан. Бүрэн сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж байна.

-Бүтээн байгуулалтын хувьд ойрын хугацаанд хийж буй ажлуудаас?  

-Орон нутгийн хөрөнгө оруулалт 954 сая төгрөгийн төсөвт өртгөөр Нутгийн захиргааны барилгын ажил дуусч иргэдэд тав тухтай орчноос үйлчилгээ үзүүлэхэд ойрхон болсон. Мөн бага сургуулийн барилга он дамнаж баригдаж энэ жил ашиглалтад орохоор төлөвлөж байна.

-"Ковид-19" цар тахлын нөхцөл байдал Бүрэн суманд хэр байна вэ?

-Бүрэн сум 3600 иргэн, 855 өрхтэй. Бүрэн сумын хувьд нийт 335 тохиолдол батлагдаад байна. Сүүлийн 7 хоногт батлагдсан тохиолдол нэмэгдээгүй. Сумынхан ковидын нөхцөл байдалд тохируулаад ажиллах нөхцөлөө бүрдүүлж байна. Өвчлөл бага байгаа учраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

 

Холбоотой мэдээ