Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулга хийсэн.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг энэ сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 27-ны хуралдаанаараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу:
1.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,
2.УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нараас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
3.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан хэмээн танилцууллаа.
Ажлын баг хуулийн төсөл, тогтоолуудыг нэгтгэхдээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд суурилсан гэлээ.
Ажлын баг нь:
1. Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарахаар Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд таван асуудал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нараас өргөн мэдүүлсэн төсөлд 11 асуудал, мөн түүнчлэн хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулсан Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй есөн саналыг харгалзан, Засгийн газар болоод гишүүдээс тавьсан асуудлуудыг уялдуулж, бодлого, төлөвлөлт, эрхлэх асуудал нь Эдийн засгийн, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарч үлдэхээр зарчмын зөрүүтэй долоон саналыг боловсруулсан байна.
2. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсөлд туссанаас гадна УИХ-ын хэлэлцүүлэгт байгаа Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим асуудлыг тусгахаар зарчмын зөрүүтэй хоёр саналыг боловсруулжээ.
3.Мөн өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлаас жендэрийн хөгжлийн асуудлыг хасч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудалд нэмэхээр оруулж ирсэнийг Ерөнхий сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээх,
4.Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Сангийн сайдын эрхлэх асуудлын агентлаг болгохоор төсөлд оруулж ирсэнийг Шадар сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээхээр зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсан байна.
Энэхүү танилцуулгын үеэр Ажлын багийн ахлагч Д.Тогтохсүрэн, Ажлын баг дөрвөн төслийг нэгтгэн нэг төсөл болгох саналыг зөвшөөрч байгаа эсэхээр горимын санал хураалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ажлын багаас танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.