Зэвсэгт хүчний хөнгөн болон хуягт техникийг дотооддоо угсарч эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-02 11:22:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс зэвсэгт хүчний хөнгөн болон хуягт техникийг дотооддоо угсарч эхэлсэн бөгөөд ирэх онд бага бууны сумны үйлдвэр байгуулахаар төлөвлөж буйг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа танилцуулав.


Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод 2030 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн өндөр чадамжтай зэвсэгт хүчинтэй болох зорилт тавьсан байна. Энэ хүрээнд 10 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Бага бууны сумны үйлдвэр байгуулах

-Улсын агаарын хилийн хяналтын системийн чадавхыг нэмэх

-Зэвсэгт хүчний удирдлагын барилгыг шинээр барих

-Кибер аюулгүй байдлын зэвсэгт хүчний дата төв байгуулах

-Агаарын цэргийг дунд оврын нисдэг тэргээр хангах, Налайхын аеродроммын үндсэн зурвасыг сэргээн засварлах, газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх

-Зэвсэгт хүчний анги байгууллагуудын мэдлийн газарт орон сууцны барилга барих

-Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нэгдсэн лабораторийн барилга барих

-Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарыг дотоодын тусгай зориулалтын хөнгөн болон хуягласан техникээр хангах

-Барилга, инженерийн цэргийн ангийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, хоёрдугаар шатны эмнэлэг байгуулах

-Галт хэрэгслийн нөөцийг шилжүүлэн байршуулах


Өнөөдрийн байдлаар дээрх ажлуудаас тав нь эхэлсэн байна. Тухайлбал, Барилга, инженерийн цэргийн ангийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарыг тусгай зориулалтын хөнгөн болон хуягласан техникээр хангах хүрээнд өнгөрсөн оноос цэргийн инженер техникийн ажилтнууд тагнуул болон байлдааны хөнгөн болон дунд оврын гурван төрлийн 25 техник угсарсан байна. Уг техникийг Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан ёслолын жагсаалын үеэр танилцуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас цуцалсныг Батлан хамгаалахын сайд онцлов. Мөн 3-30 км-т зураг авах, мэдээ дамжуулах дрон, 1000 км-т холбоо барих боломжтой радио станц зэргийг үйлдвэрлэж байгаа аж.


Агаарын цэргийг шинэчлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Налайхын аэродромын үндсэн зурвасыг сэргээн засварлах ажил эхэлжээ. Бага бууны сумны үйлдвэр байгуулах санхүүжилтийг ирэх жилийн улсын төсөвт тусгасан байна.


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “Монгол Улсын батлан хамгаалахын салбарын төсөв ДНБ-ний 0.6 хувьтай тэнцэж байгаа бөгөөд цаашид 1.5 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Дэлхийн дунджаар энэ үзүүлэлт 2.5 хувь байдаг” гэлээ.

Холбоотой мэдээ