COP26-гийн эргэн тойронд: Глазгод нээгдсэн “агаарын шоу”

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-11-04 12:04:35

Шотландын Глазго хотод болж буй COP26 дээд хэмжээний уулзалт гэх мэт нүсэр арга хэмжээнд оролцох дэлхийн улс орнуудын удирдагчид, төлөөлөгчид мэдээж хэрэг нисэх онгоц хөлөглөн ирж таарна.

Плейнспоттерууд буюу нисэх онгоцуудыг ажиглаж, гэрэл зураг авах хоббитой хүмүүсийн ярьж байгаагаар, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг саммит нь Шотландад тун цөөхөн үзэгддэг эсвэл огт бууж харагддаггүй гоёмсог нисэх онгоцуудыг харж, нүд баясгах боломжийг тэдэнд олгожээ.


Ням гарагт Глазго хотын нисэх онгоцны буудалд тэрбумтан Жеф Безосоос эхлээд Монакогийн ханхүү Альбертийн хөлөглөсөн гоё чамин 50 гаруй хувийн нисэх онгоц газардлаа. Нийтдээ Шотландыг зорьсон 400 орчим нислэг үйлдэгдэж, ингэснээр хамгийн багаар тооцоход, агаар мандлыг 13 мянган тонн нүүрсхүчлийн давхар ислээр бохирдуулсан байна. Нүүрсхүчлийн давхар исэл гэдэг бол дэлхийн дулаарлыг өдөөж буй “гол буруутан” билээ.   

Жеф Безосын 65 сая долларын үнэтэй Gulfstream  нисэх онгоц 


Сэргээгдэх эрчим хүчний үзэл баримтлалд үнэнч гэдгээ харуулахын тулд пиарыг идэвхтэй хийдэг Bank of America гэхэд захирлуудаа Глазгод хүргэхийн тулд хоёр ч хувийн онгоц захиалсан байна. 


Байгаль хамгаалагч идэвхтэнүүдийн зүгээс онгоцоор аль болох нисэхгүй байхыг уриалж байгаа боловч нэг хэсэг хүмүүс ердийн тогтмол нислэгээр Шотландад ирэх боломж байсаар атал хувийн нисэх онгоцууд хөлслөн тансаглаж байна.


Агаар мандлыг бохирдуулсан гэх зэмлэлийг хамгийн ихээр хүлээсэн хүн бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден. Учир нь, түүнийг Глазгод хүргэж ирсэн онгоцууд ба нисдэг тэрэг болон дагалдах автомашины цуваа нь агаар мандалд 10 мянга орчим тонн нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулсан гэж буруутгаж байгаа аж. 

Бангладешийн төлөөлөгчид Boeing 787 Dreamliner онгоц хөлөглөн 8 мянган км замыг туулж Глазгод иржээ


Америкийн Ерөнхийлөгчийн нисэх онгоцны парк нь Air Force One гэгддэг саяхан сайтар шинэчилсэн Boeing-747 нисэх онгоц, болзошгүй халдлагаас сэргийлж төөрөгдүүлэх маневр хийх зориулалттай хоёрдахь онгоц, түүнчлэн Байдены унах автомашинууд, нисдэг тэргүүдийг ачсан "Боинг" C-17 Globemaster ачааны хоёр онгоцноос бүрддэг. Эдгээр нүсэр онгоцууд нислэгийн нэг бээр зай тутамд 25 кг нүүрсхүчлийн давхар ислийг агаар мандалд хаядаг бол ердийн онгоцоор нисэж буй жирийн америк иргэнд нэг бээр зай тутамд 200 гр СО2 хийн хаягдал ногддог байна.

Байдены нисдэг тэргийг зөөдөг "Боинг" C-17 Globemaster ачааны нисэх онгоц


Глазгогийн саммитын өмнө экологийн хөдөлгөөний идэвхтэнүүдийн зүгээс "Zoom-ийг ашиглан СОP26-г зохион байгуулах боломжтой, цар тахлын үеэр дэлхий даяараа зүүмээр хуралдаж сурсан" гэдгийг онцлон хэлж байв. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс үүний хариуд  “Zoom-ийг өмнө нь ашиглаж байсан хүмүүсийн хувьд уг аппликейшн тун их хэрэг болсон байж магадгүй, гэхдээ бие биенийхээ нүд рүү харж байгаад тун нухацтай асуудлыг хэлэлцэхийн тулд өөрсдийн биеэр хүрэлцэн ирэхээс өөр арга байхгүй” гэжээ.


Үүнтэй зэрэгцээд дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгчид Глазго руу галт тэргээр ирж яваад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд нэрвэгдсэн байна. Аадар бороо орж, хүчтэй салхи дэгдсэний улмаас Лондон-Глазго чиглэлийн төмөр зам дээр ургаа моднууд унаж, экологийн хөдөлгөөнийхөн Лондон хотын Юстон галт тэрэгний буудалд гацжээ. 


“Экологийн цэвэр цахилгаан эрчим хүч” гэж бий юү?


Бодит байдал дээр, нисэх онгоцууд хүрээлэн буй орчинд тийм ихээр хор хохирол учруулдаг уу? Тэгтлээ их хүлэмжийн хий ялгаруулдаг гэж үү? Эсвэл агаарын тээврийн салбарын учруулж буй хохирлыг хэтэрхий дэгсдүүлж үнэлээд байна уу?


Нэг талаас харвал, онгоцны түлш шатах үед агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгардаг нь үнэн, энэ бол манай гарагийг алгуур халааж буй хүлэмжийн хий мөн. Жишээ татахад, Москва-Лондонгийн чиглэлд зорчиж буй нэг хүнд 570 кг СО2 ногддог гэсэн тооцоо бий. Ийм учраас экологийн хөдөлгөөний идэвхтнүүдийн жагсаж цуглардаг газар нь нисэх онгоцны буудлууд болж байгаад гайхах хэрэггүй.

Асуудлыг нөгөө өнцгөөс нь харвал, цэвэр устөрөгчөөс бусад бүх түлш шатах үедээ нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Харин агаарын нислэгийн тоо нь бусад тээврийн хэрэгслүүдийнхтэй харьцуулахын аргагүй цөөн. Статистик мэдээллийг үзвэл, дэлхий даяар хаягдаж буй нүүрсхүчлийн хийний 2 хувь орчим нь агаарын тээврийн салбарт ногдож байгаа нь бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад бараг 10 дахин бага гэсэн үг. СО2-ыг ялгаруулж буй гол үүсвэр бол нүүрс шатааж, хий ба нефтийн бүтээгдэхүүнээр ажилладаг дулааны цахилгаан станцууд билээ. Гэтэл Их Британид саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын ихэнх нь “СО2-ын хаягдлын 20 хувийг агаарын тээврийн салбар ялгаруулдаг” гэсэн буруу ойлголттой байжээ. Өөр нэгэн жишээ дурдахад, экологийн хөдөлгөөний идэвхтэн швед охин Грета Тунберг хоёр жилийн өмнө Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын /IKAO/ хурлын үеэр нарны батарейгаар ажилладаг дарвуулт завиар Европоос Канадад ирж байв. Тэрбээр “нисэх онгоцууд бол агаар мандлыг бохирдуулж буй хүлэмжийн хийг ялгаруулагч гол үүсвэрүүдийн нэг” гэж үздэг ажээ.  Гэтэл дарвуулт завийг нь буцаагаад Европ руу аваачихын тулд хоёр хүн онгоцоор нисэн ирж байсан гэдэг. Тэгэхээр энэ бол ердөө бэлгэдлийн шинжтэй үйлдэл байсан нь тодорхой.


Бүх зүйл харьцангуй байдаг


Мэдээж хэрэг, дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад цахилгаан галт тэрэг, цахилгаан автомашин, трамвай бол экологид ээлтэй тээврийн хэрэгслүүд мөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл тэдгээрийг хөдөлгөж буй цахилгаан эрчим хүчийг нүүрсхүчлийн хий ялгаруулдаг цахилгаан станцуудад гарган авдаг шүү дээ.

Оросын төлөөлөгчдийн хөлөглөсөн Dassault Falcon 7X нисэх онгоц 


Дэлхий даяар үйлдвэрлэж эрчим хүчний 2/3-ыг нүүрс, хий, нефтийн бүтээгдэхүүн ашиглан гарган авдаг бол усан цахилгаан станц, АЦС, нарны хавтан, салхин хөдөлгүүр зэрэг бусад эх үүсвэр нь дээрхээс хоёр дахин бага эрчим хүч үйлдвэрлэдэг ажээ. Үүнээс ургуулан тооцоо хийвэл, дэлхийн агаарын тээврийн салбарын агаар мандалд ялгаруулж буй СО2-ын хэмжээ нь эрчим хүчний компаниудтай харьцуулахад 25 дахин бага байна.


Тэгэхээр бүх зүйл харьцангуй байдаг гэдгийг нотлох үүднээс хоёр зүйлийг хэлье.


Нэгдүгээрт, иргэний агаарын тээвэр бол маш эрчимтэй хөгжиж буй бизнесийн салбар мөн. Учир нь, дэлхий даяар хүн ардын амьжиргаа сайжирч, онгоцны тийз худалдан авах боломжтой хүмүүсийн тоо эрс өсжээ. Улмаар 2037 он гэхэд нисэх онгоцоор зорчигчдын тоо одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэж таамаглал бий. Тэгэхээр тодорхой арга хэмжээ авахгүй бол хүлэмжийн хийн хаягдлын хэмжээ 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг.


Үүний эсрэг арга хэмжээг хэдийнэ аваад эхэлжээ. Жишээ нь, 2016 оноос эхлэн ихэнх авиа компаниуд хорт хийн хаягдлыг бууруулах үүрэг хүлээсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх экологийн төслүүдэд хөрөнгө оруулах замаар өөрсдийн учруулж буй хохирлын зарим хэсгийг нөхөн төлөх юм. Энэ зорилгоор 2020-2035 онд 40 орчим тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.  


Хоёрдугаарт, агаарын тээврийн компаниудын дэлхийн дулааралд үзүүлж буй нөлөөг ерөнхийдөө маш бага байгаа хэдий ч нислэгийн тоог цөөлөх нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний түвшинд авч болох хамгийн их үр нөлөөтэй арга хэмжээнүүдийн нэг юм.


Саяхан Шведийн эрдэмтдийн хийсэн судалгааг үзвэл, Атлантын далайг гатлах нэг удаагийн нислэгээс татгалзсанаараа та сэргээгдэх эрчим хүчинд шилжих, хог хаягдлыг боловсруулах, махнаас татгалзах зэрэгтэй харьцуулахад илүү их хэмжээгээр хүлэмжийн хийг бууруулж чадна.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС  

Холбоотой мэдээ