Г.Одонхүү: Залуу хүн зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэж чаддаг байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-05 13:29:04

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Увс ЦТС” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Гомбын Одонхүүтэй ярилцлаа. Тэрбээр аймгийн ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.


-Ажил хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би 2012 онд ХААИС-ийн нягтлан бодох бүртгэлийн ангийг төгсөөд “Увс ЦТС” ХХК-д ажилд орж байлаа. Энэ байгууллагадаа 10 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. Манай хамт олон байнгын бэлэн байдалд ажилладаг. Эрчим хүчний салбарын ажлыг хариуцлагатай хашиж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг найдвартай цахилгаан, эрчим хүчээр хангасаар ирсэн.

-Мэргэжлийн ажлаас гадна аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа шүү дээ?

-2020 оны орон нутгийн сонгуулиар төрөлх Давст сумаасаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Давст сум 1600 орчим хүн амтай. Иргэдийнхээ дуу хоолой болж байгаадаа баяртай байгаа. Төлөөлөгч хүний хувьд намайг дэмжсэн иргэдийнхээ итгэлийг дааж ажиллах нь маш том хариуцлага гэж боддог. Тиймээс итгэл алдахгүйн төлөө бодож, зорьсон бүхнээ төлөвлөөд ажиллаж байна.

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш ямар ажил амжуулав?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай байнга уялдаа холбоотой ажиллаж, сумандаа багагүй хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. Тухайлбал 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4,8 метр урт гүүр барих ажил дууссан. Мөн энэ жил 950 сая төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барьж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар 45 сая төгрөгөөр нүүрэн эгнээний хашааг солих, зам дагуу хашаа барих, моджуулах зэрэг тохижилтын ажил хийлээ.

Тэрчлэн ирэх 2022 онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа саналыг өгсөн. Тухайлбал эмнэлгийн барилгад өргөтгөл барих шаардлагатай бий. Мөн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээтэй холбох зураг төсвийн ажлыг оруулах, үүрэн холбоо, интернэтийн асуудлыг шийдэх талаар ярьж байгаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд манай суманд хийх ажил их байгаа учраас нэг бүрчлэн төлөвлөөд, жил тутамд ээлж дараатай шийдвэрлээд явна.

-Залуу хүний хувьд туршлага дутах зүйл байна уу?

-Миний хувьд анх удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж байна. Нэг талаар алдах, онох зүйл их бий. Ялангуяа ахмадуудаасаа заавар, зөвлөгөө авна, үгийг нь сонсоно. Ер нь хурлын төлөөлөгч бол иргэдийн итгэл хүлээсэн шиг хариуцлагаа ухамсарлах ёстой амаргүй ажил учраас аливаа ажил, асуудалд иргэдийнхээ саналыг сонсохыг чухалчилна.

Сум орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтийг хэрхэн авч явах талаарх бодлогыг зангидахдаа сумынхаа удирдлагуудтай хамтарч ажиллаж байна.

Олон хүнээс шаардлага, санал ирдэг, тэр болгоныг биелүүлээд явах боломжгүй учир аль болох нийтийн эрх ашгийг хангаж ажиллах хэрэгтэй гэж боддог. Туршлага дутмаг гээд шантраад байх ажил биш сэтгэл, зүтгэл байвал бүтэхгүй ажил байхгүй. Ямартай ч сумын удирдлагууд, аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд гээд шат шатны албан тушаалтнуудтай хамтраад ажиллавал төлөөлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах боломж бий гэж харж байгаа.

-Та ямар зарчмаар ажилладаг вэ?

-Залуу хүн бүр хөдөлмөрч байх ёстой. Зорьсон төлөвлөсөн ажилтай, түүнийхээ араас тэмцэж чаддаг бол амжилтад хүрэх боломжтой. Хамгийн гол нь хэлсэндээ хүрдэг, хийж буй ажлынхаа үр дүнг гаргаж чаддаг байх хэрэгтэй. Ийм зарчмаар л ажиллаж, хийж бүтээхийг зорьж явна.

-Сүүлийн үед манай аймгийн залуусын дунд улс төржилт хэрээс хэтэрлээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Улс төржилт бол төвөгтэй асуудал болжээ. Ялангуяа залуучууд цахим сүлжээнд улс төржиж, баримт нотолгоогүй нэгнээ харлуулж байна. Ямарваа зүйлийн утга, учрыг ялгаж салгадаг байх хэрэгтэй. Юм болгонд хэтэрхий улс төржөөд байвал хэцүү, намын үзэл бодлыг нэг талдаа үзэх бус ард түмний эрх ашгийг хангаж, ашигтай талаас нь олж харах хэрэгтэй. Төрийн ажил үйлчилгээнд намын үзэл ялгарал гаргах нь туйлын буруу. Ажил явахгүй шүү дээ. Өнөөдөр ардчилсан нам аймаг удирдаж байна. Давст суманд МАН удирдах эрхийг хариуцаж байна. Тэгэхээр аливаа асуудлыг хоёр намын үзэл бодлоор сөргөлдөж хараад байвал сум орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил хоцрогдоно гэж боддог.

-Их ажлын хажуугаар тойрогтоо хэр их очдог вэ? Зайнаас биш иргэдэд ойроос хүрч ажиллах нь чухал шүү дээ?

-Саяхан тойрогтоо очиж ажиллалаа. Сумынхаа 120 орчим ажилгүй залуучуудтай 3 талт гэрээгээр нөхөрлөл байгуулсан. Эдгээр залуусыг 6 сарын турш давсны уурхайд ажиллуулах замаар амьжиргааг нь дэмжиж байна. Мөн хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, зураг төсөв, гүйцэтгэлтэй танилцаж, хяналт тавилаа. Нэмж хэлэхэд 2022 онд Давст суманд гал унтраах аврах анги байгуулахаар ярьж байгаа. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгатай ярилцаж, бүтэц орон тоон дээр аль болох сумынхаа иргэдийг ажиллуулахын тулд сургалтад хамруулж байна.

-Давст сумын цаг үеийн байдал ямар байна. Цар тахал намжсан уу?

-Давс сумын зон олон их хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс байдаг. Хүн бүр сум орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах, аж амьдралаа өөдөн татахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, амьдарч байна. Улс даяар цар тахал намжихгүй байгаа энэ хүнд үед халдвараас урьдчилан сэргийлэх ажил дан ганц эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш, иргэн бүрийн хариуцлагаас хамааралтай. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр шат шатанд ажилласны хүчинд одоогоор халдвар намжаад байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ