З.Нина: Өөрийгөө хөгжүүлэх сэтгэлтэй, зүтгэлтэй хүн сайн багш болдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Улаангом сумын Ерөнхий
боловсролын 4-р сургуулийн сургалтын менежер, зөвлөх багш З.Нинатай ярилцлаа.
Тэрбээр Увс аймгийн боловсролын салбарын хөгжилд өөрийн мэдлэг, ур чадвараа
зориулан ажиллаж байгаа сайн багш, удирдагч нарын нэг юм.
-Та хэдийнээс боловсролын салбартай
холбогдсон бэ?
-Би боловсролын салбарт 28 дахь жилдээ ажиллаж байна. Анх
Сагил сумын 8 жилийн дунд сургуульд орос, англи хэлний багшаар ажилласан маань
багш хэмээх алдрыг хүртэх эхлэл байлаа. Улмаар Улаангом сумын Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуульд 20 жил багшаар ажилласан. Сүүлийн 5 жилийн хугацаанд
Ерөнхий боловсролын 4-р сургуульд
сургалтын менежерээр ажиллаж байна.
-Та болон таны шавь нарын амжилт
бүтээлийн тухайд?
-Өнгөрсөн он жилүүдэд төрөлх нутгийнхаа хүүхэд багачууд,
шавь нараа хэлний мэдлэгтэй, боловсролтой иргэн болон төлөвшихөд багш хүний
хувь нэмрээ оруулсан гэж боддог. Бэлтгэсэн шавь нараас минь аймгийн олимпиадад
10 хүүхэд алтан медаль, 12 хүүхэд мөнгөн медаль хүртсэн зэрэг амжилтыг энд
дурдаж болно. Багшийн хувьд өөрийгөө цаг ямагт хөгжүүлэх, мэргэжлийн ур
чадвараа сорих зорилгоор аймгийн Орос хэлний олимпиадад 2 удаа түрүүлэн, улсад
оролцож байсан. Аймгийн ур чадварын уралдаанд жил бүр оролцохдоо 3 удаа
түрүүлсэн. Мөн англи хэлний үндэсний сургагч багш, үндэсний зөвлөх
багшаар ажиллаж байна.
-Багш хүний хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байв?
-Улиран одсон он жилүүдэд боловсролын салбарт олон
өөрчлөлт, шинэчлэлүүд гарсан. Салбарын дэвшил, нийгмийн хөгжлийг дагаад орчин
үед багш хүн тал бүрээр хөгжих боломж бүрджээ. Залуу багш байх үеэ санахад
хаана, ямар сургалт болж байгааг өөрсдөө хайж очиж суудаг байлаа. Харин өнөөдөр
цахим хэрэглээг ашиглаад дэлхийн өнцөг булан бүртэй холбогдож, өөрийгөө
хөгжүүлэх боломжтой болсон байна. Би гэхэд англи хэлний сургагч, зөвлөх багш
болохын тулд их хүчин чармайлт гаргаж, шандас шалгасан олон үе шатыг туулсны
эцэст зорьсондоо хүрч байлаа. Өөрөөр хэлбэл хичээл зүтгэл, чармайлт гаргасан
хүн бүр мэргэжилдээ ахиц гаргах, дэлхийн түвшний багш болох боломжийг олгосон сайхан
цаг үе ирсэн байна.
-Залуу багш нартаа хандаж юу захих вэ?
-Залуу багш нартаа хандаад хэлэхэд “Өөрийгөө хөгжүүлэх сэтгэлтэй,
зүтгэлтэй хүн л сайн багш болохын дээр багш мэргэжлийн их ажлын ард гардаг шүү”
гэдгийг хэлье. Ингээд Орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100
жилийн ойн мэндийг үе үеийн ахмад багш нар, одоо ажиллаж байгаа багш, сурган
хүмүүжүүлэгч нартаа хүргэе.
-Танд баярлалаа.