Ж.Нацаг: Гутал оёж сурсан маань сайхан амьдрах эрдэм болж өвлөгдсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-06 13:28:04

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг цагаан ултай гутлыг тасралтгүй 27 дахь жилдээ үйлдвэрлэж буй хөдөлмөрч нямбай бүсгүй болох “Ойрад загвар” ХХК-ийн захирал Жаргалын Нацагтай ярилцлаа. Түүний хувьд цагаан ултай гутал оёж сурсан нь амьдралаа өөд нь татах гол хөшүүрэг болжээ.


-Та хэдийнээс цагаан ултай гутал оёж сурсан бэ? Анхандаа хэцүү санагдаж байв уу?

-Би 1973 онд Тэс суманд долоон хүүхэдтэй айлын гурав дахь охин болж төрсөн. 1991 онд 10 дугаар ангиа төгсөөд эцэг, эхийнхээ зөвлөмжийн дагуу цагаан ултай гутал оёж сурахаар шийдсэн. Тэр үед нагац ах Оршихын гутлын цехэд ажиллахдаа гутал оёх нарийн ур чадварыг олж авсан.

Тэр үед өдөржингөө сууж ажилласнаас болоод нуруу өвдөх, бие чилэхээс эхлээд хэцүү зүйл их байсан. Орой унтахдаа ихэвчлэн доош харж хэвтэнэ. Тэглээ гээд би огт шантраагүй. Сурах тусам илүү хичээх сонирхол төрсөн. Хүний сурсан зүйл гэдэг хожмын амьдралд заавал хэрэг болдог юм билээ. Насны залууд цагаан ултай гутал оёж сурсан маань өнөөдөр өдий дайтай амьдрах эрдэм болж өвлөгдсөн.

-Та хэдийнээс бие дааж цагаан ултай гутал үйлдвэрлэсэн бэ?

-Зохих хэмжээнд гарын уртай болчихоод 1993 оноос бие дааж гутал оёсон. 1996 онд ханьтайгаа учирч, гэр бүл болсны дараагаар гэр бүлийн хүрээнд оёж эхэлсэн. Тэр үед гэртээ гутлаа оёод сууна, хадам дүү хичээлээс ирж хоол хийж өгдөг байлаа. Материал ховор, ажлын бүтээмж муутай байсан санагддаг. 1990-ээд оны үед цагаан ултай гутал амар борлодоггүй, зах зээл хүндхэн байсан. Үйлдвэрлэсэн гутлаа худалдахаар зах дээр зогсоно. Хийц, чанар сайтай гэж үнэлээд захын худалдаа эрхлэгчид захиалга өгдөг байсан. Ингэж л гутлаа зарангаа нэмэлт захиалгатай гэртээ баяртай ирдэг байж билээ.

-Цехийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэх хүртэл их хөдөлмөр, бэрхшээлийг даван туулсан байх даа?

-1996 онд дэлгүүрийн лангуу хоосорчихсон, картын бараатай, хэцүүхэн үед амьдрал зохиож байлаа. Эхлээд гэртээ, дараа нь хашааныхаа амбаарт 3 жилийн турш гутал оёсон. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн төлөөх уйгагүй хөдөлмөр, чармайлт маань талаар болоогүй. Удалгүй жижиг ажлын байр барьж чадсан. Хамгийн сүүлд 2016 онд ажлын байраа өргөтгөөд 2 давхар болгосон. Ихэвчлэн өөрийн гарын чамбай гутал үйлдвэрлэдэг болохоор миний оёсон гутлыг авна гэсэн иргэдийн саналыг хүндэтгээд чанартай гутал хийхийг эрмэлзэж ажилладаг.

-Өдгөө “Ойрад загвар” ХХК өдөрт хэчнээн гутал үйлдвэрлэж байна вэ?

-“Ойрад загвар” ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулсан. Нэг үеэ бодвол иргэд эрүүл мэнд талаасаа дулаахан, ус чийг татахгүй, чанартай цагаан ултай гутлыг сонгон өмсөх болсон байна. Үүнийг дагаад зах зээлийн хүрээ тэлж, хүчин чадал нэмэгдлээ. Одоо манайх таван ажилтантай. Өдөрт дунджаар 7-10, сард 250-300 орчим цагаан ултай гутал үйлдвэрлэж байна.

-Увсад цагаан ултай гутал оёдог олон хүн бий. Таны урласан гутлын онцлог юу вэ?

-Ямар ч ажлыг хэм хэмжээ, стандарт нормын дагуу чамбай хийх дуртай. Ер нь хүний зан араншин хийж байгаа ажил, хөдөлмөрт шууд нөлөөлдөг гэж боддог. Миний цаг баримталдаг, хэлсэндээ хүрдэг, нягт нямбай зан чанар маань өөрийн гэсэн хийцтэй, минийх гэж хаяглаагүй ч байсан зуун хувь тэгж хэлж болохоор хэлбэр төрхийг агуулсан байдаг. Энэ хэрээр үйлчлүүлэгчдийн итгэлийг олж чадсан. Одоо тогтмол хамтарч ажилладаг, захиалга өгдөг хүмүүстэй болсон.

-Амар ажил гэж байдаггүй шүү дээ. Олон жилийн хугацаанд ажлаасаа бэрхшээсэн үе бий юу?

-Шантарч л байсан байх. Орой ажлын хувцсаа тайлахдаа өглөө эртхэн орж ирнэ дээ гэж бодоод л ажлаас буудаг. Энэ ажил минь надад өгөөжтэй, амьдралд минь үр дүн өгсөн. Мөн хамгийн сайн хийж чадах зүйл маань гэж илүү хичээсээр ирсэн. Манай нөхөр бас гутал оёно, загвар гаргана. Загвар зохион бүтээгч шиг нарийн загвар гаргачихаад оёоорой гэнэ. Жаахан эвгүй оёчихвол болохгүй байна гэнэ. Харин сүүлийн жилүүдэд хань маань мужааны ажилдаа анхаарал хандуулах болсон. Модон эдлэл дундаа сийлбэртэй гэр хоёрыг хийж зах зээлд нийлүүлсэн. Мөн орос технологиор эмээл урлаж байгаа. Ер нь бол гарын их ур дүйтэй, бүгдийг л өөрөө хийхийг хүсдэг хүн дээ. Манайх 4 хүүхэдтэй, 2 том маань дээд сургуулиа төгсөөд түрүүчээсээ амьдралын захаас татсан.

-Цагаан ултай гутлын үнэ ханш одоо ч гэсэн дорвитой өсөөгүй юм шиг санагддаг?

-Тийм шүү, цагаан ултай гутлын үнэ 1990-ээд оны үеийн үнэ ханшаас огцом өссөн зүйл байхгүй. Хамгийн хэлбэлздэггүй тогтмол үнэтэй бүтээгдэхүүн гэж үйлдвэрлэл эрхлэгчид маань ярилцдаг. Зах зээлийн байдал, хүний хөдөлмөр, мөн материалын үнэ жил ирэх тусам өсөн нэмэгдэж, өөрчлөгдөж байгаа шүү дээ. Өнөөдөр эмэгтэй гутал 80 мянга, эрэгтэй гутал 100 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

-Танай компани дулааны улиралд цагаан ултай гутлыг олноор үйлдвэрлэж нөөцлөөд өдийд гаргаж худалдаалдаг нь их зөв юм шиг санагдлаа?

-Зарим ижил төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид дулааны улиралд цагаан ултай гутлыг олноор нь оёж нөөцлөөд хүйтрэхтэй зэрэгцэн зах зээлд нийлүүлдэг. Энэ нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байдаг. Манай компани сүүлийн 3 жилийн турш нөөцөлсөн гутлаа Завхан, Архангай аймгийн зарим сумаар явж худалдаалж байна. Энэ жил 1000 орчим гутал нөөцөлснийг хань маань ачаад явсан. Гутлын материалаа орон нутгийнхаа “Дөрвөн булаг” ХХК болон Улаанбаатар хотоос татаж байгаа. Цар тахлын нөлөөгөөр материалын олдоц тасалдах шинжтэй байгаа. Ямартай ч жилийн дөрвөн улиралд ажилчдаа ажилтай, цалинтай байлгах, гэр бүлийнхээ томоохон асуудлыг шийдэх хэмжээний ашиг орлогыг хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгож байна.

-Баялаг бүтээгч хүний хувьд юу бодож явдаг вэ?

-Хөнгөн үйлдвэрлэлийн салбар дотроо арьс, ширэн эдлэлийн үйлдвэрлэл хүнд хөдөлмөрт ордог. Өглөө бүр 7:30 минутаас өмнө ажил руугаа орж, өдөрт 12-аас дээш цаг хөдөлмөр эрхэлдэг. Ер нь Монгол Улсын голлох салбар болох мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг төрөөс дэмжиж, энэ чиглэлд дорвитой бодлого гаргаж ажилламаар байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэн, зах зээлийн хүрээгээ тэлэхийг эрмэлзэж буй үндэсний баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь чухал гэдгийг хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ