“Монгол туургатны икэлийн өв соёл” сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-06 16:39:29

Увс /МОНЦАМЭ/. “Уран манлай” төвөөс санаачлан зохион байгуулсан "Монгол туургатны икэлийн өв соёл” сургалт өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө. Уг сургалтын баяд, дөрвөд, хотон ардын икэлийн өвлөн уламжлалын сургагч багшаар 4, бийгийн өвлөн уламжлалын сургагч багшаар 6 ардын авьяастан уригдан ажиллажээ.

“Манай сургалтад аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 23 хөгжмийн багш, Соёлын төвийн 18 бүжгийн багш хамрагдаж, сургагч багшийн гэрчилгээ гардаж авсан. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн икэл хууртай болж, сургууль бүртээ өөрийн ястныхаа икэлийн татлага, бий биелгээг сурагч багачуудад сургаж өвлүүлэхөөр болсон. Тэрчлэн энэ үеэр МҮОНРТ-ийн Түүх уламжлал, өв соёлын редакцийн баг "Монгол туургатны икэлийн өв соёл" нэвтрүүлгийн зураг авалтыг ирж хийсэн нь ардын авьяастнуудын авьяас, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ажил боллоо. Энэхүү ажлыг зохион байгуулахад Монгол Улсын Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсээс дэмжлэг үзүүлснээс гадна аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Насан туршийн боловсрол, Хүүхэд хөгжлийн төв хамтран ажиллалаа” хэмээн “Уран манлай” төвийн захирал Л.Баярсайхан хэллээ.

Холбоотой мэдээ