Б.Билгүүн: Тахианы өндөгнөөс бөдөн шувууны өндөг эрдэс, уургийн агууламжаараа 2 дахин илүү байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-08 20:24:12

Төв /МОНЦАМЭ/ Бөдөн шувууг Монгол улсад нутагшуулж аж ахуйгаа эхлүүлсэн "Сэцэн Дэндүнэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Батсуурийн Билгүүнтэй ярилцлаа.


-Монгол оронд байдаггүй шувууны төрлийг яагаад үржүүлэх болсон бэ?

-Манай "Сэцэн Дэндүнэ" ХХК хүлэмж болон гахайн аж ахуй, газар тариалан эрхэлдэг. 2013 оноос эхлэн “Шидэт өндөг” брэндийг гаргасан. Энэхүү брэндийн гол бүтээгдэхүүн бол Бөдөн шувууны өндөг юм. Энэ шувууны аж ахуйг эрхлэх шалтгаан бол миний ээжийн дунд ах элэгний хүнд өвчтэй байсан. Тэр үед бөдөн шувууны өндөгний ач тусыг мэдсэн учраас БНХАУ болон ОХУ-аас оруулж ирдэг байсан бөгөөд энэ үед маш их үнэтэй, олдоц их муу байлаа. Иймд малын эмч мэргэжилтэй өвөөтэйгөө хамтран шувуу үржүүлэх эхлэл тавигдсан. Монголд байдаггүй байсан шувуу учраас 5 жилийн хугацаанд маш олон аргаар судалж байж өнөөдөр Монгол орны уур амьсгалд тааруулан нутагшуулж чадсан гэж бодож байна. Цаашид өндөглөлтийг сайжруулахаар ажиллаж байна.

-Бөдөн шувууны өндөг тахианы өндөгнөөс хэмжээний хувьд бага байдаг шүү дээ. Хэмжээнээс шалтгаалсан худалдан авалт иргэд хийж байна уу? Мөн иргэдийн хувьд бөдөн шувууны өндөгний ач тусын талаар хэр мэдлэгтэй байна вэ?

-Байнга худалдан авдаг хэрэглэгчид байдаг. Эдгээр хүмүүс маань тус өндөгний ашиг тусын талаар маш сайн мэдээлэлтэй байдаг. Харин бусад худалдан авагчдын хувьд таны хэлсэн шиг хэмжээний харьцуулалт хийдэг байдал маш их ажиглагддаг. Бөдөн шувууны өндөг нь хэмжээний хувьд жижиг боловч тахианы өндөгнөөс эрдэс, уургийн агууламжаараа 2 дахин илүү байдаг гэдгийг ОХУ, Япон улсын эрдэмтэд тогтоосон байдаг. Мөн Монголд өгч байгаа шинжилгээнд фосфор 5 дахин өндөр байдаг гэдэг нь батлагдсан. Бөдөн шувууны өндөгний ашиг тусын хувьд хортой, хоргүй хавдар саармагжуулах, чихрийн шижин гэх мэт өвчлөлүүдэд сайн бөгөөд даралт тогтворжуулах, дархлаа дэмжих зэрэг олон давуу талтай.


-Шидэт өндөг брэндийн гол түүхий эд бол бөдөн шувуу шүү дээ. Одоогоор хэдэн шувуутай аж ахуйгаа эрхэлж байна вэ? Өдөрт хэдэн өндөг авдаг вэ?

-Бөдөн шувууг бид нутагшуулаад 8 жилийг ардаа үдсэн байна. Өнөөдрийн байдлаар бид 500 гаруй шувуутай үйл ажиллагаагаа явуулж байна. Орчны хувьд зөв тохиромжтой байх ёстой учраас +28 хэмийн дулаан, 45 хувийн чийгшилтэй орчинд үржүүлдэг. Өдөрт дунджаар 400 гаруй өндөг авч байна.

-Хэрэглээний тал дээр иргэдээс хэр их санал шүүмжлэл ирж байна вэ? Санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Бөдөн шувууны өндгийг шарж, чанаж, түүхийгээр хэрэглэж болдог. Иргэдээс нийтлэг ирдэг асуудал бол шарах үедээ бяцлах, чанасан үедээ хальслах үйл явц хүндрэлтэй байгааг хэлдэг. Бид цаашид эдгээр асуудал дээр анхаарлаа хандуулж бөдөн өндөгний хайч, өндөг хальслагчийг оруулж ирж өндөгний хайрцагт байршуулах бодолтой байна.

 

-Хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр “Шидэт өндөг” өрөгдсөн байдаг. Төв аймгийн Зуунмод сумаас өөр хаана нийлүүлж байна вэ?

-Одоогоор Зуунмод хот, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Сэргэлэн, Улаанбаатар хотын зүүн бүсийн худалдааны төвүүдээр худалдаалж байна. Цаашид Төв аймгаас гадна Улаанбаатар хотын бүх томоохон худалдааны төвүүдэд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?  

-Хаяг, шошгон дээр анхаарч, хэрэглэгчдэд таниулах, маркетингаа сайжруулах бодолтой байна. Цаашид зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй Монгол орны 21 аймаг бүрт энэхүү өндөг маань хүрч, эрүүл биеийг эрхэмлэдэг хүн бүрийн гар дээр шинээрээ очоосой гэж бодож байна.

Ярилцсан танд баярлалаа. 

Холбоотой мэдээ