Улсын хэмжээнд 344 мянган тонн улаанбуудай хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-11-15 18:44:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ургац хураалт улсын хэмжээнд бүрэн дуусаад байна. Энэ жилийн ургац хураалтын мэдээгээр манай улс дотооддоо гурилын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэнийг салбарын яамнаас мэдээлж байна. Тодруулбал, гурилын хэрэгцээнд урьдчилсан балансаар 344 мянган тонн улаанбуудай хураан авч нийлүүлэхээр байгаа нь манай улсын жилийн хэрэглээ 308 мянган тонноос давжээ.




Мөн төмсөөр улсын хэрэгцээг бүрэн хангах бол байцаа, манжин, лууван зэрэг бусад төрлийн хүнсний ногооны 60 хувийг нийлүүлэхээр байна. Улсын хэмжээнд 200 мянган тонн төмс, хүнсний ногоо хүлээн авах урьдчилсан тооцоотой байснаас ХХААХҮЯ-наас өгч буй мэдээллээр энэ тоогоо барих боломжтой байгаа аж. Төмс тариалалт болон хураалт 40 хувиар давжээ.

ҮСХ-ноос хүн амын жилийн хэрэглээг тооцсон мэдээллээр манай улс мах, махан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээний 97 хувь, гурил, төмсөөр 100 хувь, хүнсний ногоогоор 60.7 хувийг хангадаг байна. 




Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ