“Говь нутаг - Гарааны бизнесийн борлуулалтын боломж" цахим форум болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ "Хөгжлийн шийдэл" ТББ-аас НҮБ-ын Хүн амын сан, Өмнөговь аймгийн ЗДТГ, Говийн Оюу хөгжлийг дэмжих сантай хамтран “Говь нутаг - Гарааны бизнесийн борлуулалтын боломж" цахим форумыг энэ сарын 16-нд зохион байгуулж байна.
"Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр"-ийн Залуучууд, өсвөр насныхны оролцоог нэмэгдүүлэх, Залуучуудын гарааны бизнес, залуу малчдын хоршоодыг дэмжих зорилтын хүрээнд хийж байна гэж зохион байгуулагчид хэллээ. Энэ удаагийн цахим форумд борлуулалтын оновчтой төлөвлөлт, борлуулалтын зах зээлийн боломж, хэрэглэгчийн зан төлөв, борлуулалтын түгээлтийн боломж гэсэн сэдвээр ярилцаж байна. Мөн НҮБ-ын Хүн амын сангаас санхүүжилтийн дэмжлэг авсан Даланзадгадын залуусын гарааны бизнесүүдийн танилцуулгыг хүргэнэ. Үүнд хонины ноосыг боловсруулан дулаалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа Ханбогд сумын иргэн мэдээлэл хийнэ. Тэрээр хонины ноосоор аяны хөнжил, өвлийн хүлэмжийн дулаалга хийхээр төлөвлөж байгаа аж.
Энэхүү цахим форумд 60 орчим иргэн оролцож байна.