Х.Алтанчимэг: Уран бичлэг тухайн хүнээс хичээл зүтгэл их шаарддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-11-20 12:13:16

Увс /МОНЦАМЭ/. Насан туршийн боловсрол, хүүхдийн хөгжлийн төвийн дэргэдэх “Хөх бичиг” урлангийн багш Х.Алтанчимэг "Хөх түүх-Хүмүн бичиг" үзэсгэлэнг гаргалаа. Тэрбээр шавь нарынхаа хамт "Монголын нууц товчоо"-г бүрэн эхээр нь 50 метр муутуу цаасан дээр хоёр сарын хугацаанд буулгаж дуусчээ.

-Монголчуудын бичиг, соёлын гайхам түүхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй танд баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Би хүний нөөцийн менежментийн мэргэжилтэй. Увс аймагтаа ажиллаж, амьдраад 10 гаруй жил болж байна. Их эрдмийн эхлэл А үсгийг монгол бичгээрээ заалгасан болохоор үндэсний бичгээр унших, бичих чадварын хувьд суурь сайтай. монгол бичгийн бахархам үнэ цэн, гоо зүйг эртнээс мэдэрч эхэлсэн маань монгол бичигт татагдах гол шалтгаан болсон байх. Сүүлийн 8 жилийн хугацаанд бийрийн уран бичлэгээр хичээнгүйлэн суралцлаа.

-Эзэмшсэн мэргэжлээ орхиод уран бичлэг рүү хөл тавьсан нь анхаарал татаж байна?

-Уран бичлэг ярихаар хүмүүс их өнгөцхөн хардаг. Нүдээр харах нэг өөр, харин бичээд ирэхээр сэтгэлийн таашаал, тайвшрал авах гээд хүнд олон сайхан мэдрэмж, сэтгэгдэл төрүүлдэг. Мэдээж өнө эртний түүхтэй монгол бичгийнхээ сайхныг анх хараад л дурласан бол бичиж эхлээд гайхалтай түүх, бичлэгийн нарийн ур, чадваруудыг мэдэрч эхэлсэн. Тэр үед өөрөө илүү сайн суралцаж байгаад бусад хүмүүст зааж сургах сэдэл, түгээн дэлгэрүүлэх хүсэл төрдөг юм байна лээ. Анх бие даан суралцаж байсан болохоор чадварын хувьд хангалттай биш байсан. Харин өөрийн сэдэл, хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Төрийн уран бичээч Б.Алтантуяа багшдаа шавь орж, хичээнгүйлэн суралцсан. Энэ жилээс хүүхэд, насанд хүрэгчдэд сургалт явуулж байгаа.

-"Хөх түүх-Хүмүн бичиг" үзэсгэлэн олон хүнд бахархах сэтгэгдэл төрүүллээ?

-Мянган оныг элээвч, үнэт чанараа үл гээн өвлөгдөн ирсэн Үндэсний хэл бичиг минь нэгэн үе мартагдах шахам орхигдсон ч сүүлийн жилүүдэд эргэн сэргэж, түүх соёл, бичиг үсгээ шимтэн судлах, биширч хүндлэх, түгээн дэлгэрүүлэх хандлага илүү нэмэгдсэнийг үзэсгэлэнгийн үеэр мэдэрсэн нь хамгийн сайхан мэдрэмж байлаа. Энэ удаад сонирхол татахуйц содон бүтээл хийхийг эрмэлзсэн. Шавь нартайгаа хамтраад эх түүхийн минь ноён оргил болсон "Монголын нууц товчоо"-г бүрэн эхээр нь (12 бүлэг 282 зүйл) 2 сарын хугацаанд 50 метр муутуу цаасан дээр буулгалаа. Бичиг үсгийг судлаад эхлэхээр эх түүхтэйгээ заавал холбогддог учраас түүхийн том дурсгалыг уран бичлэгт буулгахаар шийдсэн.

-Уран бичлэгийн үзэсгэлэн гэхээр сонирхолтой, өвөрмөц санагдсан?

-Ер нь ямарваа бүтээлийн үзэсгэлэнг хүмүүс үзээд өнгөрөхөөсөө гадна үлдэж буй ач холбогдлыг нь сонирхдог байх. Үзэсгэлэнг үзэж, сонирхох иргэд цөөн байж болно. Тухайлбал монгол бичиг мэдэхгүй хүмүүс гэхэд нэг удаа ирж үзлээ, дараа дахин ирэхэд илүү сонирхож эхэлдэг. Хамгийн түрүүнд монгол бичиг сурах сэдэл төрүүлэх том ач холбогдолтой. Мөн монгол бичиг мэддэггүй хүмүүс сонирхоосой, мэддэг нь үнэ цэнийг нь олж хараасай, мэдрээсэй гэсэн үүднээс гурав дахь үзэсгэлэнгээ ийнхүү шавь нартайгаа хамтран амжилттай зохион байгуулаад байна.

-Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд хөдөлмөр шаардсан, гайхалтай уран байгааг олон хүн ярьж байна?

-Өнгөрсөн хугацаанд монгол хэл, бичгээ хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн. Өмнө нь 2016, 2019 онд бие даасан бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Энэ удаагийн үзэсгэлэн бол олон хүний сэтгэл, хөдөлмөр, цаг хугацаа шаардсан болохоор олон хүнд хүрсэн, бүтээмж өндөртэй байсан гэж харж байгаа. Мөн шавь нарын минь бичсэн онцлог бүтээлүүд хүрэлцэн ирсэн зочдын мэлмийг баясгаж, монгол бичгээрээ бахархах, сурах сэдлийг төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

-Уран бичлэг гэхээр зарим хүмүүс чадах болов уу гэсэн айдастай байдаг?

-Уран бичиж сурахын тулд мэдээж монгол бичгээрээ унших, бичих чадвартай байх ёстой. Буруу бичдэг шүү, зарим үгийг алдаад байдаг гэж өөрийгөө боддог хүмүүсийн хувьд энэ нь одоогийн нөхцөлд санаа зовох зүйл биш. Учир нь орчин үед цахим толь ашиглах зэргээр алдаагаа засах боломжтой. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, сурах хүсэл эрмэлзлэлтэй байх нь чухал. Уран бичлэг гэлтгүй хүн аливаа шинэ содон зүйлийг сурахад эхэндээ бэрхшээл учирдаг. Уран бичлэгийн хувьд тухайн хүнээс хичээл зүтгэл их шаарддаг тул байнгын дадлага, дасгалын үр дүнд сайжирдаг онцлогтой. Эхний 2-3 хоногт хэцүү санагдаж, би сурах болов уу гэсэн айдас төрнө, харин өдөр өдөрт бичлэг нь сайжирч байгааг хараад урамшаад илүү хичээдэг. Миний хувьд нарийн бийрийн хичээнгүй тэгийн сургалтыг 40 цагт багтаагаад зааж байна. Энэ удаагийн үзэсгэлэн монгол бичиг, уран бичлэгийг хүн бүр сурах боломжтойг харуулсан. Учир нь одоогийн шавь нар дотор маань өөр мэргэжлийн хүмүүс ч цөөнгүй байсан. Цаг үеэ дагаад уран бичлэг урлаг болон хөгжиж байгаад баяртай байгаа.

-Өөрийн урласан бүтээлээ хараад ямар мэдрэмж төрдэг вэ?

-Өөрийн санаачилсан ажлын ард гарах нь хүнд баяр, баясал төрүүлдэг. Харин уран бичлэгээр бичсэн бүтээл бүрээ хараад заавал нэг юм бодогдож үлддэг. Тэр нь дутуудаж, илүүдэж дээ гээд л ер нь сэтгэл ханамжтай үлддэггүй. Би ч ёстой гоё юм хийлээ гэж бодогдохгүй, дараа хийхдээ илүү сайжруулахыг л хичээнэ.

Өнөө үед монгол бичих сурах, түгээн дэлгэрүүлэх ажил бол зөвхөн мэргэжлийн багш нартай холбоотой асуудал биш хүн бүрийн үүрэг гэдгийг ойлгож, сурталчлах хүмүүс олширсон байна. 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтөлдөг болох зорилт руу чиглэж байна. Энэ хэрэгцээ, шаардлага талаасаа хүн бүр монгол бичиг сураасай, сурахыг хичээж байгаа хүмүүст нь туслахыг хүсдэг. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөлөөтэй хичээл, сургалт хязгаарлагдмал байсан ч 5-10 хүнтэй сургалтаа явуулаад 9 шавьтай болсон. Хүн бүр монгол бичгээ мэддэг, бахархдаг болоосой гэж зорьсны үндсэнд ажилласаар байна. Сургалт, ажлаа явуулахад хамгийн том дэмжлэг үзүүлж буй хамт олондоо баярлалаа гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ