Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэдийг шагналаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-11-22 08:41:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Оросын Холбооны Улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хамтын ажиллагаанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа.


Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 19 эрхмийг шагнасныг Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө гардуулав. Тэрбээр “Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ Улаанбаатар болон Москва, Новосибирск, Эрхүү, Улаан-Үд хотын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Бид Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, нийслэл хотын бүтээн байгуулалтад Оросын ард түмний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг. Цаашид та бүхнийг хоёр улс, хотуудын хамтын ажиллагаанд оруулах хувь нэмрээ бататган ахиулахын сацуу хойч үеийн хүүхэд, залууст хоёр улсын нандин харилцааг уламжлуулан, харилцааны хөгжлийн суурийг улам батжуулахыг хүсье” хэмээлээ.


Шагнал авсан иргэдийн дунд монгол судлалаар 30 гаруй жил ажиллаж буй монгол судлаач Юрий Николаевич Кручкин, жил бүр 600 орчим монгол иргэнийг ОХУ-д тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулж буй Борисова Даяна Викторовна, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн салбарт 31 дэх жилдээ ажиллаж байгаа Казанцева Елена Николаевна байлаа. Мөн орос хэлний багш, орос судлаач монголчуудыг шагнажээ.


Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнуулсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Казанцева Елена Николаевна “Өнөөдөр шинийн 15-ны билэгт сайн өдөр энэ нэр хүндтэй шагналыг авч байгаадаа баяртай байна. Бид нийслэл хотын иргэд. Хотоо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.



Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ч.Батдорж “Сүүлийн 10 гаруй жилийн турш Монголын түүх, тэр дундаа Орос-Монголын харилцааг сонирхон судалж, хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. 1960-аад оноос хойших Монгол дахь Оросын консулын үйл ажиллагаа, Монгол дахь оросуудын талаар түлхүү сонирхож, судалдаг. Энэ чиглэлээр цаашид ОХУ, Монгол Улсад байгаа архивын шинэ баримтыг илрүүлэн, судалгааны бүтээлдээ ашиглахыг зорьж байгаа” гэв.

Холбоотой мэдээ