Амаржих газрын халаалт өнөөдрөөс хэвийн болжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-11-24 16:15:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн халаалтыг хэвийн горимд шилжүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэл болон, иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Тус эмнэлгийн халаалт долоо хоногийн өмнөөс доголдож эхэлсэн бөгөөд эмнэлгийн зүгээс дулаан үйлдвэрлэгч “Оч дөл өлзийт” ХХК-д албан бичиг хүргүүлж, шаардлага тавьсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Харин компанийн зүгээс уурын зууханд доголдол гарсан, нүүрсний чанар муу. Мөн ажилчдын хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэдэг тайлбар хийлээ.

Аймгийн Засаг дарга Амаржих газрыг дулаанаар хангаж буй “Оч дөл өлзийт” ХХК-д халаалтыг яаралтай сайжруулах үүрэг даалгавар өгч, галлагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, АЗДТГ-аас хамтарсан хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.

Амаржих газрын халаалт өнөөдрөөс хэвийн горимд шилжээд байна. Мөн зарим төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн халаалт муу байгаа тул Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй уурын зуухнуудад хяналт шалгалт хийж, халаалтыг сайжруулахыг Эрчим хүчний зөвлөл болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэв.

Ташрамд аймгийн Амаржих газар нь анх 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 50 ортой эмнэлэг юм. Барилгын дулаан алдагдал их учраас жил бүр эмнэлгээс тодорхой хэмжээний төсөв гаргаж дулаалга, засварыг хийдэг байна. 

Холбоотой мэдээ