Сумын ой угтсан бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-24 16:57:18

Архангай /МОНЦАМЭ/. Төвшрүүлэх сум үүсч байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан “Аюулгүй цэвэр орчинд ажиллаж амьдаръя” бүтээн байгуулалтын аян үргэлжилж байна.

-2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн 65,0 сая төгрөгийн санхүүжилтээр Наадмын талбайг шинээр барихаар төлөвлөжээ. Байгууламж  нь зөвхөн наадмаар зогсохгүй тэмдэглэлт үйл явдал, тэмцээн уралдаан, бусад үйл ажиллагаа явуулах зориулалттай байх юм. Уг ажлыг аймгийн “Тамир Таун” ХХК гүйцэтгэж байна.

-Хөх сүм багийн нутагт байх эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн Бор бургастын рашааныг дулааны улиралд зорьж ирэх хүмүүсийн тоо жилээс жилд өсч байна. Үүнтэй холбогдуулан амрагчдын ая тух, орчныг сайжруулах олон ажил хийж байна. Энэ намар иж бүрэн тохижилттой 4 амрах байр нэмж барьсан ба ирэх хавраас товлосон төлөвлөгөөт ажлууд үргэлжлэх юм байна. Зардлыг орон нутгийн давсан орлогоор шийдвэрлэжээ.

-Аймгийн ОНХС-гийн 30,0 сая төгрөгөөр хогийн нэгдсэн цэгийг хашаажуулах, далан барих ажлыг Улаанбаатар хотын “Саруул хангай” ХХК хийв.  Мөн сумын төвийн арын шороон замыг сайжруулан, эвдэрч нурсан гүүрийг засварлав.

-Хур бороо элбэгшсэнээс сумын төвийн зүүн урд байх тогтмол нуурын ус гэр хороолол руу хальжээ. Нуурын захаар далан босгох, шуудуу татах ажлыг сумын Онцгой комиссоос зохион байгуулж, иргэд оролцсон тухай Архангай медиа группын Төвшрүүлэх сум дахь сурвалжлагч Ч.Түмэнжаргал мэдээлжээ.

Холбоотой мэдээ