Бельгид “COVID-19”-ийн шинэ хувилбарын анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-11-27 02:27:21

БРЮССЕЛЬ. /Financial Times/. Бельгид “COVID-19”-ийн шинэ хувилбар болох “B.1.1.529”-өөр халдварласан тохиолдол батлагдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фрэнк Ванденбрук баасан гарагт мэдээлжээ. Ингэснээр Европт уг хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдэж байна.


Ф.Ванденбрукийн мэдээлснээр, Египетээс ирсэн иргэнээс цуглуулсан сорьцоос Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний шинэ хувилбар илэрсэн бөгөөд түүний шинжилгээний хариу 11 дүгээр сарын 22-нд эерэг гарсан байна. Тухайн өвчтөн "COVID-19"-ийн вакцинд хамрагдаагүй байжээ.


Саяхан илэрсэн хувилбарын мутациуд нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг ихэд түгшээж байгаа ба одоогоор Их Британи тэргүүтэй хэд хэдэн орон Африк тивийн өмнөд хэсгийн орнуудаас ирэх иргэдэд зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоохоо мэдэгдээд байна. B.1.1.529” нь “Дельта” хувилбараас хурдан халдварлахаас гадна вакцины хамгаалалтаас зайлсхийх чадвартай болон хувьсан өөрчлөгдсөн байж болзошгүйд судлаачид санаа зовниж байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилнүүд одоо “B.1.1.529”-ийг коронавирусний хувилбаруудын аль ангилалд оруулах талаар хэлэлцэж байна. Тус байгууллагын мэдээллээр, одоогийн байдлаар "COVID-19"-ийн шинэ хувилбараар халдварласан 100 орчим тохиолдол бүртгэгдээд байгаагийн дийлэнх нь Өмнөд Африкт илэрсэн хэдий ч Ботсвана, Хонконг, Израил, Бельгид мөн бүртгэгдээд байна. 

Холбоотой мэдээ