Үндэсний номын баярыг Архангай аймагт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-29 15:31:59

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт номын баярын үйл ажиллагааг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулж байна.

Номын баярыг Архангайд зохион байгуулж буй нь тав дахь аймаг ба дараа нь Өвөрхангай, Баянхонгор аймагт зохион байгуулснаар энэ жилийн үндэсний номын баярын өдрийг тэмдэглэх үйл ажиллагаа завсарлах ажээ. Ирэх хавраас бусад аймгийг зорино гэдгийг зохион байгуулагчийн зүгээс хэллээ.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болж буй номын баярын үеэр ном худалддаг хувь хүнээс эхлээд хэвлэлийн зургаан компани, зохиолчид өөрсдийн бүтээсэн ном зохиолуудаараа үзэсгэлэн гаргаж, номын худалдаа явуулж байна. Өнөөдөр номуудыг 10-50 хувийн хямдралтай худалдаж байгаа юм.

Номын баярын үеэр уншигч зохиолчдын уулзалт хийж, зохиолчид илтгэл тавилаа. "Эсээ хэрхэн бичих вэ?", "Хувь хүний хөгжил, биеийн хэлэмж”, “Хүүхдийн зохиолын шинэ эрин”, “Номын ертөнц” клуб юу хийдэг вэ?, “Ном бичихэд бэлэн үү?”, "Төрөөс баримтлах номын бодлого", "Номын баяр буюу тэмдэглэлт өдрийн хууль", Телевизийн эфир, түүнд өөрийгөө бэлтгэх", "Шинэ зууны уран зохиол ба уншигчид" зэрэг илтгэл уншигчдад сонирхолтой байв.

Номын баяр нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд” зорилтыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой орон нутагт болж байгаа юм.

Номын баярыг орон нутагт Соёлын яам, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, "Хан Тамир" утга зохиолын нэгдэл, аймгийн Нийтийн номын сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Энэхүү номын баяр “Хангайн цом-2021” яруу найргийн наадамтай давхцаж буйгаараа онцлог байлаа. 


Холбоотой мэдээ