Үндэсний баялгийн сан нь хуваарилалтаас илүү арвижуулах хэрэгсэл юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-30 15:33:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг "Шангри-Ла" зочид буудалд боллоо. Хэлэлцүүлгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар үг хэлж нээсэн юм.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Үндэсний баялгийн сангийн гол зорилгын талаар хэлэхдээ, уул уурхайн салбараас олсон ашгаа энэ санд төвлөрүүлж, дараа нь дахин хөрөнгө оруулалт хийж байх ёстойг тодотголоо. Ингэхдээ хөрөнгө оруулалтын өгөөжийг аль болох дээд түвшинд байлгах хэрэгтэй. Ингэснээр олсон хөрөнгөө арвижуулаад явах учиртай, сан бол ийм хэрэгсэл юм гэдгийг хэлж байв. Тэрээр, Үндэсний баялгийн сангийн талаар олон улс орны олон туршлага байгааг тэмдэглээд, сангийн үйл ажиллагааг хуулиар зохицуулдаг.






Энэ нь зөвхөн дотооддоо ч бас биш, гадаадад төсөл хөтөлбөр болон томоохон компаниудын хувьцаанд хөрөнгө оруулаад явах боломжийг нь хангаж өгсөн байдаг. Зарим улс оронд сангийн үйл ажиллагааг илүү дотоодынхоо хөгжлийг бий болгоход зориулсан, томоохон төслүүдэд дахин хөрөнгө оруулахад чиглэсэн байдлаар хуульчилсан байгааг дурдаж байв.  

Тэрээр, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлахдаа гол нь сангийн өөрийнх нь засаглалын асуудлыг анхаарч нарийвчилсан зохицуулалтыг оруулж өгөх хэрэгтэйг зөвлөж байв. Засаглал нь маш ил тод, мэргэжлийн түвшинд менежментийг авч явах тэр механизмыг хуулийн заалтад бүрдүүлсэн байх ёстойг ярьж байв.





Олсон орлогоо төвлөрүүлээд явахаас гадна хөрөнгө оруулалтыг дахин дахин хийж арвижуулж байх зорилго бүхий үйл ажиллагаатай Үндэсний баялгийн сангийн талаар хуульчлах гэж байна. Хуулийн төсөл одоо Засгийн газрын түвшинд явж байна. Удахгүй УИХ-ын босгыг давснаар манай улс баялагтаа эзэн байх үйл явц хуульчлагдан үр дүн бодитой хэрэгжих юм.



Хэлэлцүүлгээр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулсан юм. Тэрээр, “Бид энэ санг баялгийн хуваарилалт гэж харж болохгүй. Энэ бол хуваарилалтаас илүү олсон хөрөнгөө арвижуулах үйл явц бөгөөд бид бялуугаа томруулж байж илүү цааш томорч явах, хуваарилалт ч гэсэн томроод явах боломжтой юм” гэдгийг  онцолж байв. Ийм эрхзүйн зохицуулалтыг Үндэсний баялгийн сангийн хуулийн нэг хэсэг Хөгжлийн сангийн тухай хуулиар хийх юм гэдгийг тодотгож байна.

Үндэсний баялгийн тухай хуулийн үндэслэлийг тэрээр хэлэхдээ, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, “...газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоогийн болон ирээдүйн иргэн бүрд Үндэсний баялгийн санд төвлөрүүлж хүртээмтэй хүртээнэ” гэж Үндэсний баялгийн сангийн талаар хуулинд тусгаж өгсөн. Тиймээс Үндсэн хуулийн шаардлагаар ч тэр энэ хуулийн төслийг боловсруулж буйг тодотгов. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улс Үндэсний баялгийн сантай байна гэж заасан.



Үндэсний баялгийн сангийн талаарх ойлголтыг том зургаар нь авч үзвэл дэлхийн олон улс орон газрын хэвлийн баялгийг зөв, үр ашигтай зарцуулж ашиглахдаа Үндэсний баялгийн сангаар дамжуулан удирддаг. Дэлхийн топ 100 санг авч үзэхэд 9.2 триллион ам.долларыг нэгтгэсэн байдаг нь дэлхийн нийт мөнгөн урсгалын 10 хувь Үндэсний баялгийн сангуудад төвлөрөн түүгээр дамжин хөрөнгө оруулалтыг хийж буйг тэмдэглэн хэлсэн юм. 



Гэрэл зургуудыг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ