“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-01 14:11:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсов. 


Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын багийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар ажлын багийн дарга, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд - Эрээний боомтоор чингэлэг тээврийн бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэл, хүн хүч, техник тоног төхөөрөмж, ажлын зохион байгуулалтын талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа. 


Мөн “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 20 хүртэл зохион байгуулахад зориулан Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгаас гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлэх юм байна.

Холбоотой мэдээ