Л.Энх-Амгалан: ЕБС-ийн хичээл энэ сарын 10-наас цахимд шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-01 14:36:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, ЕБС-ийн хичээлийг энэ сарын 10-наас бүрэн цахимд шилжүүлэх, 18-наас амраах асуудлыг хэлэлцсэн тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв.


Томуугийн улирал эхэлсэн энэ үед хүүхдүүдийн дунд коронавирусний халдвараар өвчлөх нь нэмэгдэж байгаагийн зэрэгцээ омикрон хувилбарын тархалт дэгдэх эрсдэл үүссэн. Иймд эрсдэлийн үнэлгээг хийж, ирэх долоо хоног буюу 10-ныг хүртэл ЕБС-ийг танхимаар хичээллүүлж, түүнээс хойш 100 хувь цахим болгох асуудлыг хуралдаанаар хөндсөн байна. ЕБС-ийн хичээл энэ сарын 18-наас эхэлж ирэх оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм. 


Цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүд ч энэ сарын 10-наас цагаан сар хүртэл танхимын бус сургалттай байх нөхцөл үүсээд буйг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллийн үеэр тодотгов. 


Харин их, дээд сургуулиудын шалгалт 12 дугаар сарын 6-наас эхэлж ирэх оны нэгдүгээр сарын 10-н хүртэл үргэлжлэх юм. Иймд оюутнууд 12 дугаар сарын 10 хүртэл танхимаар хичээллэхийн зэрэгцээ вакциндаа хамрагдана. Өнөөдрийн байдлаар, 119 мянган оюутны 40 мянга нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунд хамрагджээ. Тиймээс оюутнууд 12 дугаар сарын 10-наас хойш цахимаар өгөх боломжтой зарим шалгалтаа өгөх юм. Хоёрдугаар сарын 1-нээс бусад шалгалтыг цагаан сарын баярыг харгалзан авч дуусахаар зохицуулах аж. Дээрх зохицуулалт нь эцсийн шийдвэр биш бөгөөд ирэх даваа гарагт тодорхой болох юм. 

Холбоотой мэдээ