Тариаланчид 130 мянган тонн буудайгаа борлуулж чадахгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ жил 570 мянга гаруй тонн улаанбуудай хураан авсан. Сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авсан. Гэвч тариаланчид үр тариагаа борлуулж чадахгүй байгаа талаар Монголын Тариаланчдын Үндэсний холбооноос өнөөдөр мэдээллээ.
Тус холбооны ерөнхийлөгч Ч.Рэнцэнсэнгээ, “Энэ жил хураан авсан нийт ургацын 50 мянга гаруй тонныг ХАА-г дэмжих сан буюу улс худалдан авсан мэдээтэй байна. 200 мянгаад тонныг гурилын үйлдвэрүүд авсан.
Яг өнөөдөр тариаланчдын
үтрэм дээр 130 мянга гаруй тонн буудай буюу нийт хураан авсан ургацын 30 орчим хувь
борлуулаагүй үлдээд байна” гэв. Тэрээр үүнийг энэ жил манай улс импортоор нийт
хэрэгцээнийхээ 70 орчим хувь болох хэмжээний 240 орчим мянган тонн буудай
авсантай холбож, дотоодын тариаланчид ургацаа борлуулахад хүндрэл үүсээд буйг
дуулгаж байна гэв. Өдийд ургацаа бүрэн борлуулаад хавар, намрын ажлынхаа ард
гарч ажилчид нь амраад сууж байдаг тариаланчид өнөөдөр үтрэм дээрээ тариагаа “манаад”
байж байна гэв.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын
“Момо агро” ХХК-ийн захирал Б.Батбаяр хэлэхдээ, “Монгол Улсад MNS0097-2010 гэсэн улаанбуудайн стандарт байдаг. Энэ
стандартаар манай улс улаанбуудайг 4 зэргээр ангилж хүнсний хэрэгцээнд
нийлүүлдэг. Гэтэл гурилын үйлдвэрүүд болон буудай хүлээн авагч талууд дээрх улсын
стандартыг барихгүй өөрсдөдөө таарсан, дур дураар стандарт гэдэг юмыг үзэмжээрээ
тогтоож ургац чинь тэнцэхгүй байна гээд авдаггүй. Гурилын үйлдвэрээс тавьж буй стандартаас
илүү чанартай буудай очсон ч авахгүй байна. Тиймээс улс нэг л стандартаа тавьж
үүнийг бүрдүүлж мөрдүүлмээр байна.
Өнөөдрийн байдлаар гурилын
үйлдвэрүүдийн сав дүүрчихээд байна. Энэ нь импортоор авсан буудайтай холбоотой. Үүсээд
буй хүндрэл, нөхцөл байдалтай холбоотойгоор улаанбуудайн үнийг хямдруулж буй бас
нэг асуудал гарч ирээд байна. Гурилын үйлдвэрүүд буудайг авахдаа үнэ хэлэхгүй
авдаг болсон. Өнөөдөр буудайн хивэг нэг тонн нь 680 мянган төгрөгийн үнэтэй
байхад нэг тонн улаанбуудайг 540-560 мянган төгрөгөөр үнэлж байна.
Өнөөдрийн байдлаар манай аймагт 30 гаруй мянган тонн буудай борлуулагдаагүй байж байна. Энэ бол дийлэнх тариаланчдад учирч буй хүндрэл болоод байна. Өмнөх жилүүдэд болж бүтээд байсан юм энэ жил яахаа мэдэхгүй, болохоо байчихлаа” гэж байв. Үүсээд буй нөхцөл байдлын талаар Монголын Тариаланчдын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Рэнцэнсэнгээгээс зарим зүйлийг тодруулав.
-Улаанбуудайг гурилын үйлдвэрүүд авахгүй байгаа нь чанартай холбоотой юу?
-Ганц жишээ хэлье. Тариаланчид ХАА-г дэмжих санд нийт 50.6 мянган тонн буудай нийлүүлснээс 900 тонн нь нэгдүгээр зэргийн, 2 орчим мянган тонн нь хоёрдугаар зэргийн, 11.7 мянган тонн нь гуравдугаар зэрэг, 35.5 хувь нь дөрөвдүгээр зэргээр тушаасан. Нийт тушаасан ургацын 98-100 хувь нь 3-4 дүгээр зэргийн буюу хүнсний хэрэгцээнд таарах стандартын улаанбуудай байна.
-Улс гадаадаас их
хэмжээний улаанбуудай авснаа юу гэж тайлбарлаж, та бүхэн юу гэж үзэж байна?
-Тариаланчдын холбооо дотоодын ургац, хүнсний хэрэгцээн дээр байнга тооцоо судалгаатай ажилладаг. Бид салбарын яаманд импортоор 60 мянган тонноос илүү хүнсний буудай битгий импортлооч гэсэн санал хүсэлтийг өнгөрсөн оны эцэст тавьж хүргэж сануулж байсан. Гэтэл энэ хэмжээнээс 2-3 дахин их хэмжээний буудай оруулж ирсэн. Нэг ёсондоо тариаланч бидний санал хүсэлтийг хүлээн аваагүй. Импортоор буудай авснаа Ковидын цар тахлын нөхцөлд хүнсний аюулгүй байдлын хангамжийн нөөцийг бүрдүүлж ийм хэмжээний улаан буудай авч байгаа юм гэсэн тайлбарыг өгсөн.
-Сая Дорнодын төлөөлөгчөөс
илүү гараад буй, авахгүй байгаа буудайг экспортод гаргая. Энэ талаар улс дэмжиж
өгөөч гэсэн санал тавьж байна. Хаашаа ямар зориулалтаар экспортлох боломж байна
вэ?
-Манай улс уул уурхайн
баялагтаа ногоон гарц нээж өгдөг шиг ХАА-н олон төрлийн бүтээгдэхүүнээ
экспортолж валют олох олон боломж бий. Гагцхүү гарц, хорио цээрийн асуудлыг
шийдээд өгвөл хил дамнасан улс орнууд руу хивэг, борлуулахгүй байгаа буудайгаа гаргах
боломж бол байна. Энд төрийн дэмжлэг хэрэгтэй байна гэв.
Хэвлэлийн бага хурлын үеэр
Төв аймгийн тариаланчдын төлөөлөл болж ирсэн Н.Бүрээнбаатар, тус аймгийн хэмжээнд
өнөөдрийн байдлаар 12 сумын 96 ААН, иргэдийн 32 мянган тонн улаанбуудай борлуулагдаагүй,
ААН болон айлуудын хашаанд хучаастай байгааг хэлж байв.
Гэрэл зургийг Т.Чимгээ