Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тогтоол баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-02 15:21:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоол баталлаа. 


Тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцууллаа. Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт амжилтыг бататган бэхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр, Үндсэн хуулийн цэцээс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус УИХ-д санал ирүүлжээ. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол боловсруулсан байна. Байнгын хороо уг асуудлыг лхагва гаргийн хуралдаанаараа хэлэлцжээ. 


УИХ-аас 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байдаг. Үндсэн хуулийн 5 болон 10 жилийн ойг УИХ-ын тогтоолоор, 25 жилийн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байгаа бөгөөд “Төрийн ёслолын журам батлах тухай” Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар тэгш ой тохиосон жил Үндсэн хуулийн өдрийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан байдгийг мөн санал, дүгнэлтэд дурдсан.


“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар Г.Ганболд гишүүн танилцуулсан юм.


Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. 

Холбоотой мэдээ