“Иргэдээ сонсъё” үйл ажиллагааг ХБИ-ийг хамруулан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-03 17:47:57

Архангай /МОНЦАМЭ/. НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 3-ныг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон 1981 онд зарласан. Эл өдөр өнөөдөр тохиож байгаа ба Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс “Тэгш тусгал” ТББ-тай хамтран “Иргэдээ сонсъё” үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг хамруулан зохион байгууллаа.  

Энэ үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг төрийн бүх шатны байгууллагатай хамтран иргэдийнхээ үгийг сонсох, эрхийн хэрэгжилтийн тухай ярилцах, эрхийн ойлголтыг өгөх зорилготой байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, зөвлөмж гаргасан байна.

Архангай аймгийн хэмжээнд нийт 3600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас аймгийн төв Эрдэнэбулган суманд 800 орчим нь амьдардаг байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын Архангай аймгийн нэгдсэн дүнгээр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 47.4 хувь нь ажилтай гэж бүртгэгджээ. Хөдөлмөр эрхэлдэг ба эдгээр хүмүүсийг ажил эрхлэлтийн байдлаар нь үзэхэд 60.6 хувь нь өрхийн болон ААН-ийн үйл ажиллагаа эрхлэгч, 24.9 хувь нь цалин хөлстэй түр ажиллагч, 10.4 хувь нь байнгын ажиллагч нар байна гэж тоолуулжээ.

“Иргэдээ сонсъё” үйл ажиллагаанд аймаг, сумын ИТХ-ын удирдлагууд болон аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган сумын удирдлагууд, багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтан, зохион байгуулагчид оролцсоноос гадна аймгийн ХХҮГ, БТСГ, ХЭҮК-ийн Архангай дахь референт оролцож, мэдээлэл өгчээ.

 

Холбоотой мэдээ