Францын Ерөнхийлөгч онц байдлын хугацааг 3 сараар сунгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-15 12:09:39

ПАРИС. /Sputnik/. Францын өмнөд нутгийн Ницца хотод өнгөрсөн шөнө олон хүний аминд хүрсэн халдлага болсонтой холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд улс даяараа зарласан онц байдлын хугацааг гурван сараар сунгалаа.

Мөн Ирак болон Сирид “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэнтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлнэ гэж тэрбээр хэлэв.

Өнгөрсөн шөнө Ницца хотод ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөснийг Ерөнхийлөгч Олланд “террорист халдлага” гэж тодорхойлоод “онц байдлын хугацааг гурван сараар сунгах зарлигт ирэх долоо хоногт албан ёсоор гарын үсэг зурна” гэлээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Парис хотод террорист халдлагууд болсонтой холбогдуулан тус улс даяар зарласан онц байдлын хугацаа энэ сарын 26-нд дуусах байсан юм.

Ерөнхийлөгч Олланд өнөөдөр Ницца хотод очиж, нөхцөл байдалтай танилцах ажээ.

Хамгийн сүүлд гарсан мэдээгээр, өнгөрсөн шөнийн халдлагын үеэр наад зах нь 80 хүн амь үрэгдэж, 120 гаруй хүн шархадсан байна.

Ачааны машины жолооч нь Тунис гаралтай, Ницца хотын 31 настай оршин суугч гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ